ДАРХАН-УУЛ: Хүнсний бүтээгдэхүүний чанарт тавих урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-02-03 20:40:14

Дархан, 2026 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамны улсын байцаагчдын хамтран баталсан “Нийтээр тэмдэглэх баяр болон цаг үеийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулж буй үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх удирдамж”-ийн хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг эхлүүллээ. 


Хяналт шалгалтыг гурил, гурилан бүтээгдэхүүн болон мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, цех, худалдааны төвүүдээс эхлүүлж байна.


Хяналт шалгалтаар ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, үйлдвэрлэлийн орчны цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ажилтнуудын хувийн эрүүл ахуйн дэглэмийн мөрдөлт, түүхий эдийн гарал үүсэл, хадгалалт, тээвэрлэлтийн нөхцөл, түүнчлэн үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хамруулан хянана.



Иймд иргэд стандартын шаардлага хангасан газраас хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхой, шошгын шаардлага хангасан, лабораторийн шинжилгээнд хамрагдсан эсэхийг заавал нягталж авахыг анхааруулж байна.


Эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчноос хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, ууц, өвчүү чануулах үед стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан газраар үйлчлүүлэхийг зөвлөж байна.


Related news