ДАРХАН-УУЛ: Нутгийн удирдлагын байгууллагуудын уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Шарын гол, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн ИТХ болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нутгийн удирдлагын байгууллагуудын уулзалт энэ сарын 26-29-ний өдрүүдэд Улаан-Үд хотод боллоо.
Уулзалтын хүрээнд Дархан-Уул аймгийн ИТХ болон Буриад Улсын Улаан-Үд хотын Депутатуудын зөвлөл анх удаа хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.
Уулзалтын эхэнд Дархан болон Улаан-Үд хотын видео танилцуулгыг үзүүлж, хүрэлцэн ирсэн зочдыг танилцуулахын зэрэгцээ сүүлийн жилүүдэд хотууд хэрхэн өөрчлөгдсөн, иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарсан, орон нутгийн засаг захиргааны байгууллагуудын хамтын ажиллагаа ах дүү хотуудын амьдралд хэрхэн нөлөөлж байгаад анхаарал хандууллаа.

Талуудын уулзалтад аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа Улаан-Үд хотын Депутатуудын зөвлөлийн дарга, гишүүдийг урьж, халуун дотноор угтан авсан явдалд талархал илэрхийлэв.
“Дархан, Улаан-Үд хотын иргэдийн хоорондын гүнзгий харилцаа холбоо хэдэн арван жилийн дараа ч найрсгаар үргэлжилж байгаад бахархаж байна. Энэхүү уулзалт манай хоёр ард түмний нөхөрлөл, харилцан ойлголцлыг улам бэхжүүлж, иргэдийн сайн сайхан байдлыг сайжруулах бодит үйлдлээр дүүрэн, шинэ, харилцан ашигтай санаачилгыг хэрэгжүүлэх эхлэл болох нь гэдэгт итгэлтэй байна” гэв.
Улаан-Үд хотын Депутатуудын зөвлөлийн дарга Балжинимаев Чимит Вальеревич “Энэ жил Улаан-Үд хот байгуулагдсаны 360 жилийн ой тохиож байна. Энэхүү ойг тохиолдуулан зохион байгуулж буй хамтарсан үйл ажиллагааэ хоёр хотын түүхэнд гэрэл гэгээтэй хуудас үлдээх нь гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Уулзалтад Монгол Улсаас ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газрын дэд консул Б.Батням болон Улаан-Үд хотын депутатуудын төлөөлөл, албаны хүмүүс оролцлоо.

Зочид төлөөлөгчид хөтөлбөрийн дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургууль, соёлын дунд сургууль, мөсөн ордон, Хот тохижилт, гэрэлтүүлгийн байгууллага, мөн хамгийн сайхан тосгонд шалгарсан Тарбагатай район дахь Десятково тосгоны дотоодын аялал жуулчлалын үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах бодитой саналыг дэвшүүлэн ажиллалаа.

Мөн хоёр хотын найрсаг харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын баг тусгай уулзалт хийж, хавар Дархан хотод эдийн засаг, соёлын өдрүүдийг зохион байгуулахаар боллоо.
Ташрамд, Дархан болон Улаан-Үд хотууд 1967 онд анх ах дүү хотуудын найрамдалт харилцааг эхлүүлж, гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд 2027 онд түүхт 60 жилийн ой тохионо.