ДАРХАН-УУЛ: Амьсгалын замын эрхтэн тогтолцооны өвчлөл дийлэнх хувийг эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-01-30 10:41:50

Шарын гол, 2026 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Уул, уурхай түшиглэн байгуулагдсан Шарын гол сум 2000 өрхийн 7400 гаруй хүн амтай. Хүн амын 30 гаруй хувь нь 18 хүртэлх,  19-45 насны иргэд 35 орчим хувь, үлдсэн 30 гаруй хувь нь 45-аас дээш насны иргэд эзэлж байна.


Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй иргэдийн дийлэнх нь амьсгалын эрхтэн тогтолцооны өвчнүүд болох уушгины хатгалгаа, бронхит, силикозтой хүмүүс үйлчлүүлдэг.


Мөн зүрх судасны өвчин, эмгэг зүрхний хэм алдалд, артерийн даралт ихсэх өвчин, тархинд цус харвах эмгэгүүд эзэлж байна.




Бөөр, шээсний замын өвчлөл, бэртэл, осол гэмтлийн шалтгаантай өвчин нийт өвчлөлийн 5-10 хувийг эзэлдэг аж.


Түүнчлэн уул, уурхайн үйлдвэрлэл хөгжсөн тус суманд  үйлдвэрлэлийн осол гардаг тул анхан шатны тусламж, эмчилгээг сумын Эрүүл мэндийн төвийн хамт олон үзүүлэхийн зэрэгцээ дараагийн шатлалын эмнэлэгт хүргэх тохиолдолд аюулгүй байдлыг ханган зөөвөрлөдөг.




Харин түгжрэл, ясны хугарал, зөөлөн эдийн гэмтлийг орчин үеийн дүрс оношилгооны аппаратаар оношлох, мэс ажилбарыг сумын эрүүл мэндийн төвд хийх бүрэн боломжтой бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй шуурхай үзүүлж байна.


Шарын гол сумын эрүүл мэндийн төв нь хэвтэн эмчлүүлэх 35 ортой. Үүнээс хүүхдийн тасаг 12, дотрын тасаг 15, мэс засал 2, халдварт 2, хөнгөвчлөх эмчилгээний тасаг 2 ортой, төрөх тасаг хоёр ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.



Сумын албан ёсны бүртгэлтэй хүн амаас гадна, түр болон ээлжийн ажилтан, уул, уурхай, алтны компаниудыг дагасан түр оршин суугчид нэмэгддэг. Энэ тоо нь тогтмол бус улирлын болон ажлын шаардлагаар 1500-3000 хооронд хэлбэлздэг. Эдгээр иргэдэд ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.


Ташрамд тус эмнэлэг 2024 онд боловсон хүчний дутагдалтай байсан бол 2025 онд шийдвэрлэж өнөөдрийн байдлаар эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, тусгай мэргэжилтнүүд нийт 42 орон тоотойгоор Шарын гол сумын иргэд, Хонгор, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин айл, өрхүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.

Related news