ДАРХАН-УУЛ: Улсын аварга малчин, тариаланч, фермерээр таван иргэн тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-01-29 19:15:32

Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2026 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн салбарын Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа.


Улсын аварга малчин шагналыг 1962 оноос олгож эхэлсэн бөгөөд энэ жил Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнгийн санаачилгын дагуу “Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, малын ашиг шим, үүлдэр угсааг сайжруулсан байдал, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлого, улсад төлсөн татварын хэмжээг голлох үзүүлэлт болгон тодруулсан байна.


Дархан-Уул аймгаас Улсын аварга малчнаар Хонгор сумын Зулзага багийн малчин Шимбэрүүний Эрдэнэдолгор, Улсын аварга фермерээр Дархан сумын гуравдугаар багийн “Дархан халдун” ХХК, Хонгор сумын нэгдүгээр багийн фермер Баянбулагийн Гансүх, Улсын аварга тариаланчаар Орхон сумын иргэн Бадарчийн Пүрэвцогт, Баадайн Баярсайхан нар тодорчээ.


Шимбэрүүний Эрдэнэдолгор нь 2025 онд 555 толгой мал тоолуулсан бөгөөд сүүлийн 3 жилд 425-659 кг хонины ноос, 125-134 кг ноолуур, 5.2-5.8 тонн мах, 7.2-7.6 тонн сүү үйлдвэрлэжээ.


2023 онд 114, 2024 онд 123, 2025 онд 113 толгой мал үржилд худалдсан, түр болон байнгын 10-15 ажлын байрыг бий болгож, 2023 онд 85, 2024 онд 143, 2025 онд 113 нийт 341 толгой малыг малжуулахад өгчээ. Тэрбээр 47 жил мал маллаж байгаа бөгөөд залуу малчдад үлгэр жишээ үзүүлж буй ахмад малчин юм.


“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд “Өсөх-Ирээдүй сүрэг” хамтрал байгуулж үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ сүүлийн гурван жилд аймгийн малын үржлийн чанарыг сайжруулах, эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх бодлого, чиглэлд нийцүүлэн баяд үүлдрийн хонь, өлгийн улаан ямаа, тэс үүлдрийн угшилтай азарга, хээлтүүлэгчээр сүргийн 20 хувийг сайжруулж үр төл зэрэг 200 гаруй бод, 500 орчим богийг үржлийн чиглэлээр бойжуулж, өөрийн аймаг, сумдын иргэд, малчдад захиалгаар борлуулжээ.


 “Дархан халдун” ХХК-ийн “Гурван сайхан сүүний үхрийн ферм” нь сум орон нутагтаа хувь нэмэр оруулж 10 иргэнийг ажлын байраар ханган ажиллаж байна.


Аймгийн мал аж ахуйн бодлогыг дэмжин мах, сүүний хосолсон ашиг шимт симменталь үүлдрийн үхрийг сонгон үржүүлж, Дархан хотын иргэдийг эрүүл ахуйн шаардлага хангасан сүүгээр хангах үйлсэд хувь нэмрээ оруулж байна. Мөн “Гурван сайхан сүүний үхрийн ферм” 2023 онд нэг үнээнээс 10-16 литр сүү сааж 18 тонн, 2024 онд ашиг шимээ нэмэгдүүлэн саалийн дундаж хэмжээг 17 литр болгон 150 тонн, 2025 онд 236 тонн сүүг үйлдвэрт нийлүүлжээ.


Энэ онд 291 үхэр тоолуулж, өсвөр 48 үхрийг үржлийн фермер болгох зорилгоор “Гурван сайхан агро” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн тоолуулж салбар кластер фермер болон хөгжүүлэх зорилт тавьжээ.


Фермийн ажилтнуудаа сургах, туршлага судлуулах ажлыг тогтмол хэрэгжүүлж, зохиомол хээлтүүлэгчийн техникч бэлтгэх сургалтад нэг, салбарын сургалтуудад 7, дотоод болон гадаадын туршлага судлах, мэргэшүүлэх сургалтад зургаан ажилтнаа хамруулжээ.


Үйл ажиллагаандаа шинэ мэдлэг, сайн туршлагыг нутагшуулан ажилласан, нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн фермийн гурван малчинд 70 бог, 13 богийг таслан өгч малжуулсан, Энэрэл цогцолбор сургуулийн дотуур байрны хүүхдүүдэд жил бүр гарын бэлэг, 10 өндөр настан, Дархан сумын гуравдугаар багийн 108 иргэнд тавгийн идээ, ааруул, шинэ жилээр 70 ширхэг бялуу бэлэглэдэг уламжлалтай.


Мөн хөрш зэргэлдээ өрхүүддээ 20 тонн, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын өвс тэжээлийн нөөцөд 20 тонн, Дархан-Уул аймгийн Орхон суманд 10 тонн, малын удмын сангийн үндэсний төвд 12 тонн даршийг тус тус хандивлажээ.


Баянбулагийн Гансүх нь 1994 оноос хойш 31 жил эрчимжсэн фермерийн аж ахуй эрхэлж, сүүний чиглэлийн симменталь үүлдрийн саалийн үхэр үржүүлж эхэлжээ.  


2018 онд фермерийн барилга, байгууламжаа барьж ашиглалтад оруулж, 2020 оноос хойш өндөр ашиг шимтэй мах, сүүний чиглэлийн монбиллярдь үүлдрийн үхрийг цэврээр үржүүлж эхэлсэн бөгөөд "Нүүдэлчин агро" ХХК-иас таван толгой гунжин үнээ худалдан авч өсгөж, ашиг шимийг нь нэмэгдүүлж сүүлийн дөрвөн жил үржлийн хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулж сумынхаа малчин, мал бүхий иргэд болон зэргэлдээ сумын малчдад борлуулж ашиг орлогоо нэмэгдүүлж байна.

 

Тус фермер нь малын тэжээлийн ургамал тариалан ногоон тэжээл бэлдэж, жил бүр 62 тн хадлан, 2.0 тн гар тэжээл, 10 тн эрдэс тэжээл, 30 тн хүчит тэжээл бэлтгэн малынхаа тэжээлийг бүрэн хангадаг. Нэг өрхөд хоёр бод, 15 бог өмчлүүлж малжуулсан, “Шилмэл мал” үзэсгэлэн худалдаанд гойд ашиг шимтэй монбиллярдь үүлдрийн өсвөр бух оролцуулж шалгаран тэргүүн байр эзэлжээ.

 

Бадарчийн Пүрэвцогт нь  20 орчим жил тариаланчаар ажиллаж байна. Түүний ургацын амжилтын сүүлийн гурван жилийг дурдвал 2023 онд 550 тн, 2024 онд 424 тн, 2025 онд 946 тн ургац хураан авчээ.


Баадайн Баярсайхан нь тариаланчаар 19 жил ажиллаж байна. 2023 онд 505 тн, 2024 онд 873 тн, 2025 онд 682 тн ургац хураан авсан амжилттай байна.

Related news