ДАРХАН-УУЛ: Цагаан сар үзэсгэлэнд дотоодын үйлдвэрлэгчдийг оролцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2026-01-29 18:38:33

Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг угтан “Цагаан сар-2026” үзэсгэлэн худалдааг хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд гаргана.


“Монгол баяр-Монгол бэлэг” уриан дор зөвхөн үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготой уг үзэсгэлэн спортын ордон болон Залуучууд театрын дэргэдэх Найрамдал талбайд зохион байгуулна.


Үзэсгэлэн худалдаанд жижиг, дунд бизнес эрхлэгч ААН, иргэд хөнгөн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, айраг, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн худалдана. Импортоор орж ирсэн хүнсний болон бараа бүтээгдэхүүн худалдахгүй гэдгийг аймгийн ХХААГ-ын дарга Т.Ганболд мэдэгдлээ.




Харин дотоодод үйлдвэрлэдэггүй иргэдийн эрэлтэд тулгуурласан жигнэмэг, бусад зүйлийг багахан хэмжээгээр худалдах боломжийг бүрдүүлнэ гэв.


Спорт ордны талбайн нэг өдрийн хураамж 60.000-90.000 төгрөг, гадна талбайд түрээсийн төлбөр авахгүй.


Бүртгэлийг МҮХАҮТ-ын Дархан салбар хариуцах бөгөөд нэгдүгээр сарын 30-ны өдрөөс бүртгэл эхэлнэ.

Хөдөө орон нутагт, нийслэл хотын үндэсний үйлдвэрлэгчдэд нээлттэй ажээ.

Related news