ДАРХАН-УУЛ: Цэргийн штаб ажлын үзүүлэлтээрээ 21 аймгаас тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалах яамнаас аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ажлын үзүүлэлтийг сар бүр үнэлж, дүгнэн шалгаруулдаг. Энэхүү үнэлгээ нь батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагаа болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчлан таниулахад чиглэдэг байна.
Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын дэд хурандаа Б.Оргилсайхан даргатай цэргийн штаб 2025 онд хийж хэрэгжүүлсэн ажлаараа манлайллаа.

Аймгийн Цэргийн штаб өнгөрсөн онд “Эх оронч-Монгол Их сэргэлтийн жил” болгон ажилласан. Энэ хүрээнд аймгийн ИТХ, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд, бусад төрийн байгууллагатай хамтран "Эх оронч Дарханыхан” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж, 14 ажил зохион байгуулжээ. Эдгээр үйл ажиллагаанд давхардсан тоогоор 5000 гаруй иргэн, хүүхэд, залуус хамрагдсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын цогцолбор “Дөл” марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд 21 аймаг, 9 дүүргээс оролцсон багуудаас “Шонхрууд” баг анх удаа тэргүүн байр эзэлж, цомын эзэн боллоо.
Мөн Хангайн бүсийн долоон аймгийн сумдын ЗДТГ-ын дарга нарын цэргийн бэлтгэл сургалтыг хоёр өдрийн хугацаанд амжилттай зохион байгуулжээ.
Мөн орон нутагт байрлах цэргийн анги, салбаруудад аймаг, сумдын удирдлагуудын дэмжлэгтэйгээр бодит дэмжлэг, туслалцаа үзүүлжээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн эмнэлгийн төвийн байрыг 35 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүрэн засварласан байна.
200 гаруй сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тусгай зориулалтын автомашиныг хүлээлгэн өгч, мөн бусад анги, салбаруудад бодит дэмжлэг үзүүлжээ.
Түүнчлэн Дархан-Уул аймгийн Орхон суманд байрлах Цэргийн штабын хээрийн сургалтын төвийн анхдагч бүтээн байгуулалтыг 21 аймаг, 9 дүүргийн оролцоотойгоор эрчимжүүлж, үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Цаашид Батлан хамгаалах яамны зорилго, зорилт, “Хүн төвтэй хөгжил, шинэчлэлийн жил”-ийн хүрээнд орон нутагт батлан хамгаалах салбарын бодлого, үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу сурталчлан таниулах, салбарын хөгжилд чиглэсэн ажлуудыг хэрэгжүүлэн ажиллана гэдгийг аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа Б.Оргилсайхан онцоллоо.