ДАРХАН-УУЛ: Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх нэмэлт дархлаажуулалтад 10-15 насныхан хамрагдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2026 оны нэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нэмэлт дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо. Сургуульд суурилсан хэлбэрээр хэрэгжих уг дархлаажуулалтыг ерөнхий боловсролын сургуулийн эмч нар хариуцан ажиллах юм.
Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу хэрэгжиж буй улаанбурхан өвчний нэмэлт дархлаажуулалтад 10-15 насныхан хамрагдана.
Товлолт дархлаажуулалтад буюу бүрэн хамрагдсан хүүхдүүд хамрагдахгүй.
Хүүхдүүд дархлаажуулалтаа сургууль дээрээ хийлгэх бөгөөд сургуулийн эмч нар сургалтад хамрагдаж, хариуцсан албан тушаалтнуудад хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн газар үүрэг болгожээ.
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх нэмэлт дархлаажуулалт энэ долоо хоногт эхлэх бөгөөд 12,830 хүүхэд хамрагдах тухай судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ.
Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний халдвар бүртгэгдээгүй байна.
Улаанбурхан өвчний товлолт дархлаажуулалтыг 9-12 сартай, 18-24 сартай, мөн 6-7 нас болон нэмэлт байдлаар 10-15 насанд хийдэг.