ЗАВХАН: Тэс үүлдрийн адуу -50 хэмд зохицон амьдардаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Тэс омгийн
адуу өвөлдөө -50, зундаа +38 хэм хүрдэг нутагт дасан зохицож нутаглаж байна.
Тэсийн голын ай сав нутагт буюу Завхан аймгийн Их-Уулын Хуягт, Тосонцэнгэлийн Согоот, Тэлмэний Нуур, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Тэс сум, Түдэвтэй, Нөмрөг, Сонгино сумын арын багуудын өргөн дэлгэр газар Тэс үүлдрийн адуутай.
Байгаль цаг уурын эрс тэс уур амьсгалд өвөлдөө -50, зундаа +38 хэм болдог энэ нутагт зохицон нутагладаг. Мөн Увс, Завхан, Хөвсгөл аймагт Тэс үүлдрийн адууг өсгөн үржүүлдэг. Судалгаагаар, Тэс адууны нядалгын гарцыг 9-13 насны найман адуун дээр хийхэд, нядалгын өмнөх жин 359.4 кг, нядалгын гарц 54,3 хувь, мах өөхний цэвэр гарц 77 хувьтай болохыг тогтоожээ.
Мөн гүүний саалийн хэмжээ, тарга, хүч, унагалсан тоо, нас, өдрийн саалтын тоо зэргээс хамаарч нэгж толгойгоос дунджаар 2,08 (0825-3,125) литр. Өөрөөр хэлбэл, саалийн гурван сарын хугацаанд 160-180 литр сүү авах боломжтойг тогтоосон байна. Тохиромжтой хэвлийн адууны сэрвээний өндөр 126.4-133.0 см, цээжний бүслүүр 158.1-165.4 см, биеийн ташуу урт 134.8-138.6 см, шилбэний бүслүүр 17.3-18.6 см байна гэсэн дүгнэлтийг хийсэн байна.
Тэс адуу нь усанд маш сайн мал. Бядтай адуу нь ямар ч гүнзгий усанд чигээрээ зүтгэж туулдаг. Эхээсээ дөнгөж төрөөд гурав хоносон унага нь гэхэд том адууны хондлойгоор татаж байгаа усанд эхийгээ дагаад гарах жишээний.
Монголын бусад адуунаас биерхэг, эдэлгээний чадвар нь давуу байдаг. Монголын хамгийн хүйтэн, хамгийн халуун газар эрс тэс уур амьсгалтай экологид дасан зохицсон онцлог чанаруудтай. Тухайлбал, гадна арьс нь зузаан, бусад нутгийн хурдан адуунаас ялгарах нэг онцлог нь таван км-ээс дээш давхиж байж бие нь халж хөлс нь гарч тавирдаг онцлогтой. Тэгэхээр Тэс үүлдрийн адуу хурдан байхаас аргагүй юм.
Сонирхуулахад, Тэс адууны цусны дээжүүдээс ген буюу геномийн ДНХ-г Олон улсын нийгэмлэгийн лабораторийн стандартын дагуу ялган анализ хийж, дэлхийн бусад үүлдэртэй жишиж үзэхэд бие даасан (популяц) буюу үүлдэр болохыг 2019 онд баталсан байна.

Ойрын түүхээс сөхвөл, Тэс адуу нь Гэрсэнз түүний хүү Убаши хунтайж, Батмөнх даян хаан,
Ойрадын Амарсанаа, Даваач, Хотгойдын Чингүнжав нарын дайчин эрчүүдийн хүлэг унаа байсан түүх бий.

Тэс үүлдрийн адууны судалгааг хийж буй нь Завхан аймаг, 1976 он