ЗАВХАН: Хүннүгийн үеийн язгууртны булшнаас олдсон алтан чимэглэлүүд
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/ Завхан аймгийн Орон нутгийг судлах музейн археологийн танхимын гол үзмэрүүдийн нэг нь 61-р булшнаас олдсон цутгамал хүрэл морьд, саран хэлбэрийн чулуун зүүлт, дөрвөн дэлбээт алтан чимэглэлүүд юм.
Цутгамал хүрэл морь нь нийт 25 ширхэг олдсон бөгөөд хүрлээр цутгаж, алтаар шарсан эд өлгийн зүйл юм. Зарим морины хөл болон толгойн хэсэг эвдэрсэн байжээ.
Эдгээр морьдыг дөрвөн хөлтэйгөөр, тайван хатирч буй байдлаар дүрсэлсэн бөгөөд нийт 10 морийг баруун талаас, үлдсэн морьдыг зүүн талаас нь дүрсэлсэн байна.
Саран хэлбэрийн чулуун зүүлт нь хадгалалт маш сайн бөгөөд үзүүр хэсгийг нарийсган шовх хэлбэртэй болгожээ. Төгсгөлийг дугуйруулан гол хэсэгт нь нүхэлсэн байна. Нийтдээ цагаан саарал өнгийн хатуу чулуугаар хийсэн бөгөөд сайтар өнгөлсөн эд өлгийн зүйл юм. Энэ зүүлт нь зүү, эсвэл бэл байсан байж болзошгүй гэж үзэж байна. Зүүлтийн урт нь 13 см, өргөн нь төгсгөлийн хэсэгтээ 3 см хүрдэг.
61-р дурсгал булшны оршуулгын модон авсны гадна талд байрлуулсан дөрвөн дэлбээт алтан чимэглэлүүд нь бүгд ижил хэмжээ, хэлбэртэй байна.
Дөрвөн дэлбээ бүхий алтан чимэглэл нь 2.7-3 см урттай бөгөөд модон авсны төмөр бүслүүрийн гол хэсгүүдэд ижил зайд, тэгш хэмтэйгээр төмөр хадаасаар хадаж, тогтоодог байжээ. Одоогоор анхны хэлбэрээ хадгалан үлдсэн цөөн хэдэн чимэглэл нь археологийн танхимын гол үзмэрүүдийн нэг болж дэлгэгдсэн байна гэж Завхан аймгийн музейгээс мэдээлэв.
Ташрамд, тус музейд 2023 онд 100 гаруй үнэт үзмэр, эд өлгийн зүйлстэй археологийн танхимыг байгуулжээ. Энэхүү танхимыг Алдархаан сумын Ямаан-Уснаас олдсон, нийтийн тооллын өмнөх III зуунаас нийтийн тооллын I зууны үе хүртэлх олдворууд дээр түшиглэн нээсэн байна.

61-р булшнаас олдсон хүрэл морьд, саран чулуун зүүл