ЗАВХАН: Хүйтний эрч ойрын өдрүүдэд сулрахгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн Тосонцэнгэл, Отгон, Тэс суманд хамгийн их хүйтэрсэн буюу цаг уурын
онцгой үзэгдэл дахин давтагдаж болзошгүй талаар аймгийн Ус, цаг уур, орчны
шинжилгээний газраас мэдээлэв.
Нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө тус аймгийн бүх суманд хөрсөн дээрх температур -40 градусаас дээш хүйтэрсэн бөгөөд Тэс суманд агаарын температур -52, хөрсөн дээр -54 градус хүрсэн байна. Энэ нь энэ өвлийн хамгийн их хүйтрэлт байж болзошгүйг мэргэжилтнүүд онцолжээ.
Завхан аймагт 2016 онд агаарын хамгийн бага температур Цэцэн-Уул суманд -54.7, Отгон суманд -55.3 градус хүрч, цаг уурын ажиглалтын түүхэнд хамгийн их хүйтэрсэн жилээр тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс хойш 2018 оны нэгдүгээр сард Цэцэн-Уул суманд -53.2 градус, Тосонцэнгэл, Тэлмэн, Их-Уул, Баянтэс, Тэс сумын нутгаар -50…-52 градус хүрч, онцгой хүйтрэлт ажиглагджээ. Одоогоор Монгол Улсын нутаг дэвсгэрт дээрх хэмжээнд хүрсэн хүйтрэлт бүртгэгдээгүй байна.
Мөн Завхан аймагт 1987, 1988, 2000, 2001, 2004, 2005, 2009, 2010, 2011, 2017, 2018 онд ихэнх нутгийг хамарсан зуд тохиолдож байжээ.
Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч байгаа бөгөөд нэгдүгээр сарын 19-29-нийг дуусталх 10 хоногийн урьдчилсан мэдээгээр Завхан, Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө -44-49, өдөртөө -31-36 градус, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -39-44, өдөртөө -27-32 градус, бусад нутгаар шөнөдөө -34-39, өдөртөө -20-25 градус хүйтэн байна.
Нэгдүгээр сарын 24, 24-25-нд шилжих шөнө зарим газраар ялимгүй цас орох төлөвтэй бөгөөд бусад үед цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5–10 метр хүрч, ойрын хоногуудад хүйтэн өдрүүд үргэлжлэх тул малчид, иргэд, тээвэрчдийг цаг агаарын мэдээ, анхааруулгыг тухай бүр авч, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байна.
Сонирхуулахад, нарнаас ирж буй эрчим хүч газрын гадаргад шингэж, улмаар газраас сансарт ялгарах дулааны тэнцвэр алдагдсанаар дэлхийн дулаарал эрчимжиж, уур амьсгалын өөрчлөлт бий болж байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Үүний улмаас дэлхийн олон бүс нутагт цаг агаарын эрс тэс үзэгдэл олноор тохиолдох болжээ.
Үүнийг иргэд цаг агаар огцом хүйтрэх, эсвэл огцом дулаарах байдлаар мэдэрч байгаа бөгөөд энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл гэдгийг Завхан аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас тайлбарлав.
