ЗАВХАН: Голуудын хөндийгөөр шөнөдөө -44-49 градус хүрэх төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2026 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан
аймгийн нийт нутгаар нэгдүгээр сарын 15-21-нийг хүртэл хүйтний эрч эрс
чангарч Завхан, Идэр, Тэс, Буянт голын хөндийгөөр шөнөдөө -44-49 градус,
өдөртөө -30-35 градус хүрнэ.
Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -40-45 градус, өдөртөө -28-33 градус, бусад нутгаар шөнөдөө -35-40 градус, өдөртөө -22-27 градус хүрч хүйтрэх төлөвтэй байна.
Тиймээс эрс хүйтрэлтийн оргил өдрүүдээр малчид малаа ойрын бэлчээрт энгэр ээвэр, нөмөр газраар бэлчээрлүүлэх. Малыг тэжээх, тэжээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хужир нэмэлтээр өгөх. Ялангуяа их хүйтэнд бог мал хашаа хороо, нөмөр нөөлөг газарт олноор бөөгнөрснөөс дарагдаж, үхэж хорогдох нөхцөл үүсдэг тул анхаарах хэрэгтэй юм.
Мөн иргэд аюулгүй байдлыг хангахын тулд дулаан хувцаслах, биеийг чийгнээс хамгаалах, хоол хүнс, усны нөөцтэй байх. Эрүүл мэндээ анхаарах, халаалт, түлшний нөөцтэй байлгах, гэнэтийн хүйтрэлтээс үүсэх эрсдэлээс сэргийлэх. Гэнэтийн хүйтрэлтийн үед уул хадтай газар явахгүй байх, цаг агаарын эрсдэлтэй үед хол замд гарахгүй байх.
Зайлшгүй шаардлагаар хол замд
гарах бол машин, техникийн аюулгүй байдлыг хангах, гэр, байшингийн дулаалгыг
шалгахыг Завхан аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх,
технологич инженер Д.Алзахгүй зөвлөлөө.