БАЯНХОНГОР: Онцгой байдлын газар "Тэргүүний газар"-аар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-06 15:14:46
Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээг идэвх санаачилга, үр бүтээл гарган хамт олноо хошуучлан ажилласан тэргүүний газар, хэлтэс, анги, салбаруудыг шалгаруулжээ.

Шалгаруулалтаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар 2025 онд дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлсэн ажил, үйл ажиллагаагаараа “Тэргүүний газар"-аар шалгарсан байна. Мөн тус газар нь аймгийн Засаг даргатай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт 97.8 хувьтай гүйцэтгэн ажилласан байна.

Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 118 дугаар тушаалаар баталсан “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид онцгой гавьяа байгуулсан тохиолдолд мөнгөн урамшуулал олгох журам”-ыг үндэслэн 2018 оноос эхлэн Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдад мөнгөн урамшуулал олгодог болсон. Тэгвэл тус журмын дагуу долоо дахь жилдээ гамшиг, осол, аюулт үзэгдлийн бүс болон хүний гоц халдварт өвчний голомтод аврах, эмчлэх, сувилах, хор уршгийг арилгах, сэргээн босгох ажиллагаанд эр зориг, мэргэжлийн ур чадвар гарган оролцсон долоон алба хаагч тус бүрд 20 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгосон бөгөөд Баянхонгор аймгаас Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Б.Мөнхнасан шалгарчээ.

2025 онд Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар объектын гал түймрийн дуудлага 42, гал түймрийн мэдээлэл 11, гал түймрийн зөрчил 1, хээрийн түймрийн мэдээлэл 1, газар хөдлөлт 10, зам тээврийн ослын 4, хүчтэй салхи шуурганы мэдээ 4, аврах ажиллагаа 8, эрэн хайх ажиллагаа 3, үер усны дуудлага 17, нийт 101 дуудлага, мэдээ бүртгэгдсэн байна.

Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн 2025 онд гал түймэр, зам тээврийн осол, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлагаар ажиллаж 110 хүний амь, 23 тэрбум орчим төгрөгийн эд хөрөнгийг тус тус авран хамгаалжээ.

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газар Гал түймэр унтраах аврах хоёр анги, аврах бүлэг гурав, аврах салбар нэг гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 2003 оны зургаадугаар сарын 20-ны өдөр УИХ-аар Гамшгаас хамгаалах тухай хуулийг баталснаар орчин цагийн Онцгой байдлын алба байгуулагдах үндэс суурь тавигдсан байдаг. Энэ дагуу 2004 оны Засгийн газрын хуралдааны нэгдүгээр тогтоолоор тус газрыг байгуулж, 2005 онд Гамшгаас хамгаалах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Онцгой байдлын ерөнхий газар болгон өөрчилсөн түүхтэй.

Related news