БАЯНХОНГОР: Шинэ амбулатори өдөрт 1000 хүнд үйлчлэх хүчин чадалтай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2026-01-05 15:30:33

Баянхонгор, 2026 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг 2025 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласан. Нэрлэсэн жилийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилтын хүрээнд 79 ажлыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран хэрэгжүүлжээ.

Нэгдсэн эмнэлгийн амбулаторийг улсын төсвийн 9.5 тэрбумын төсөвт өртгөөр барьж байгуулан, улсын жишиг байдлаар тохижуулахад орон нутгийн төсвөөс 3 тэрбумын хөрөнгө оруулалт хийж, нэн хэрэгцээтэй тавилга эд хогшил, багаж тоног төхөөрөмжөөр бүрэн ханган ашиглалтад оруулсан байна.

Шинэ амбулатори нь 117 өрөө тасалгаатай, хүн зөөвөр болон ачаа тээврийн хоёр лифттэй, төрөлжсөн мэргэжлийн 20 гаруй, лаборатори 9 чиглэлийн, дүрс оношилгоо шинжилгээний төрөлжсөн мэргэшлийн эмч нарын үзлэг, оношилгоог өдөрт 1000 хүнд үзүүлэх хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Амбулаторийн ачааллыг тэнцвэржүүлж, иргэд үйлчилгээ авахдаа гурван шатлалтай бүртгэлд хамрагддаг байсныг хоёр шатлалтай болгож, цахим үйлчилгээг мөн сайжруулжээ. Амбулаторийн эмчийн цаг товлолт үйлчилгээг иргэн өөрөө ирэхгүйгээр 18000119 дугаарт холбогдож, амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарт үзүүлэх цаг авах боломж бүрдэж, үйлчлүүлэгчид хүлээгдэл ихтэй байдаг мэдрэл, дотрын кабинетын тоог нэмэгдүүлсэн байна.

Мөн лабораторийн тусламж үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийн аппарат анализаторуудыг нэвтрүүлж, шинжилгээний төрөл үзүүлэлтүүдийг нэмсэн төдийгүй лабораторийн тусламж үйлчилгээний шинжилгээ хүлээгддэг, яаралтай шинжилгээний үед дуудагддаг байсныг өөрчилж, эмч лаборантуудыг 08-17 цаг, 17-24 цаг хүртэл 2 ээлжээр ажиллуулдаг болжээ.


Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй ор бүхий эрүүл мэндийн байгууллага эмчилгээний хоолны заавар, стандартыг мөрдөн ажилласнаар өвчний улмаас хямарсан эрхтэн системийг нөхөн сэргээх, гамнах, өвчин хүндрэхээс сэргийлэх, эдгэрэлтийн хугацааг богиносгох ач холбогдолтой.

Тиймээс эмнэлгүүдийг эмчилгээний хоолны иж бүрдэл тавгаар хангаснаар эрүүл ахуй, аюулгүй байдлын стандартын шаардлага хангасан эмнэлзүйн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ бий болж, хэвтэн эмчлүүлэгчдийн сэтгэл ханамж дээшлэн, орон нутагт эмчилгээний хоолны нэр төрөл, чанар хүртээмж сайжирсан байна.

Related news