БАЯНХОНГОР: Авто замын ажлын гүйцэтгэл 58 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-31 12:38:06

Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Шинэжинст сум Хотгорын нүүрсний уурхайгаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Нарийсухайтын нүүрс тээврийн зам хүртэлх авто замын гүйцэтгэл 58 хувьтай байна.


508.3 тэрбумын төсөвт өртөгтэй, 295.1 км автозамыг аймаг орон нутгаас тавьсан бодлого, саналын хүрээнд “Сэкер русорсус Монголиа” ХХК өөрийн хөрөнгөөр тавьж буй. 2б зэрэглэлийн тусгай зориулалтын хуримтлуулагчтай, 16 метр өргөн далантай, зорчих хэсгийн 8 метрийн өргөнтэй, хоёр хөвөө бүхий тус автозамын төсөл ийнхүү хэрэгжиж байгаа юм.


Энэ онд ургамлын үе хуулах, далангийн ул, хөрс тэгшилж нягтруулах, ухмал байгуулах, зөөврийн далан байгуулах, далангийн дээд үе, суурийн доод үеийн ажлуудыг тус тус хийжээ. Харин ирэх онд замын хучилтын ажлыг хийж ашиглалтад оруулах юм байна. 


Тус зам нь 100 хувь хувийн хөрөнгө оруулалтаар тавих хамгийн урт зам бөгөөд Зам тээврийн яамнаас авто зам, замын байгууламжийн барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр авчээ.

Related news