БАЯНХОНГОР: Утааг бууруулах сайн туршлага судалж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Энэ онд Дорноговь аймагт бүрэн шаталттай дулааны станцыг ашиглалтад оруулсан "Энерготех сервис" ХХК-ийн инженерүүд Баянхонгор аймагт ажиллав. Компанийнхан Баянхонгор аймгийн төвийн уурын зуухуудын үйл ажиллагаатай танилцаж, дулаан үйлдвэрлэгч нартай уулзалт хийсэн юм.
Баянхонгор аймгийн Засаг дарга Э.Энхбат утааг бууруулах зорилтын хүрээндээ олон талын төлөөлөлтэй уулзаж, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөлтөө хийж буй. Дорноговь аймагт энэ онд Орос технологиор усан халаагууртай, бүрэн шаталттай 23.5 МВ-ын хүчин чадалтай дулааны станц барьж ашиглалтад хүлээлгэж өгсөн тус компанийн удирдлага, инженерүүдийг урьсан байна.
"Энерготех сервис" ХХК нь 1996 оноос зуух болон гадна шугам сүлжээгээр дагнан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд Хэнтий аймгийн Бор-Өндөр хот зэргээр хэд хэдэн аймгуудад төслөө амжилттай хэрэгжүүлсэн байна. Баянхонгор аймгийн дулаан үйлдвэрлэгчид тус компанийн хэрэгжүүлсэн сайн жишээ, технологи, ажиллагаанаас туршлага судалж, зөвшилцөх уулзалтыг эргэн хийхээр тогтжээ.
Баянхонгор аймгийн төвийн агаарын бохирдлын 60 гаруй хувийг гэр хороолол, 30 орчим хувийг уурын зуух, үлдсэн хувь нь авто машинаас гарч буйг 2024 оны агаарын бохирдлын судалгаагаар тогтоосон. Баянхонгор аймагт барьж байсан дулааны станц 47 хувийн гүйцэтгэлтэй зогссон бөгөөд тус төслийг 10 аймгийн хэмжээнд хэрэгжүүлж буй Солонгосын компани дампуурснаас үүдэн төсөл зогсоод байгаа юм. Төслийг улсын төсвөөр ирэх хавраас үргэлжлүүлэхээр сонгон шалгаруулалтын ажлыг зарлахаар төлөвлөсөн байна.
Ташрамд, Монгол Улс, БНСУ-ын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хүрээнд Баянхонгор аймгийн төв Баянхонгор сум өнгөрөгч зургаадугаар сард агаарын чанарыг хянах бүрэн автомат станцтай болжээ. Баянхонгор сум агаарын чанарын автомат хяналтын станцтай болсноор, улсын хэмжээнд энэ төрлийн станцтай 10 дахь аймаг болсон бөгөөд орон нутгийн байгаль орчны төлөв байдлыг хянах, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах, сөргөөр нөлөөлөх хүчин зүйлийг хэмжих, хяналт тавих боломж бүрдсэн юм.