БАЯНХОНГОР: Малын тоо толгой өмнөх оныхоос 5.1 хувиар өсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-12-30 14:46:36
Баянхонгор, 2025 оныы арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. 2025 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Баянхонгор аймаг 4.231.9 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 5.1 хувиар өсжээ.

Тус аймаг тэмээний /56.6 мянга/ тоогоор гуравдугаарт, ямааны /2.493.9 мянга/ тоогоор нэгдүгээрт орж, нийт малын тоогоор улсад дөрөвдүгээрт орсон байна. Харин тус аймгийн Баацагаан сум 391.7 мянган мал тоолуулсан нь улсад мал сүргийн тоогоор тэргүүлэх сумын нэг болж, тавдугаарт бичигджээ.

Тус аймгийн 20 сумын 105 багт мал, тэжээвэр амьтны тооллогыг 157 чиглэлд, 667 тоологч хийсэн байна.

Мал тооллого нь гэдэг нь Монгол Улсын хөдөөгийн өрхүүд, малчдын аж байдал, хөдөлмөр эрхлэлт болон хөрөнгийн бүртгэл хийх, мал аж ахуйн салбарын хөгжлийн бодлого боловсруулах зорилгоор малын тоо толгой, төрлийг бүртгэж, мэдээлэл цуглуулах үйл явц юм. Энэ нь малчдын амьжиргааг дэмжих, хөдөө орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийг хийхэд чухал үйл ажиллагаа болдог байна.

Улсын хэмжээнд 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 445.1 мянган толгойгоор буюу 0.8 хувиар өссөн дүн юм. Төрлөөр нь авч үзвэл адуу 9.5 хувиар, үхэр 7.2 хувиар, тэмээ 4.3 хувиар, ямаа 1.1 хувиар тус тус өссөн бол хонь 2.6 хувиар буурсан дүн гарсан байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.3 сая толгой мал тоолуулснаар улсад тэргүүлж, Өвөрхангай аймаг 5.1 сая толгой мал, Архангай аймаг 4.4 сая толгой мал, Баянхонгор аймаг 4.2 сая толгой мал, Төв аймаг 4.1 сая толгой мал тоолуулж удаалжээ.
Related news