БАЯНХОНГОР: "Хонгорын мөнгөн үдэш" цэнгүүнийг Баганат талбайд зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянхонгор сум "Хонгорын мөнгөн үдэш 2025-2026" үйл ажиллагааг энэ сарын 31-ны өдөр 18:00 цагт Баганат талбайд хийхээр товлолоо.
Шинэ оны босгон дээр мэргэжлийн урлагийн байгууллагынхан нэгэн тайзнаа хуран чуулж, үзэгч олондоо зориулсан шинэ жилийн нэгдсэн шоу тоглолтыг толилуулахаар болсон байна. Тус үйл ажиллагаанд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хүрэлцэн ирж, шинэ оныг баяр хөөр, хөгжил цэнгэл дүүрэн угтахыг зохион байгуулагчид урьж байна.
Үйл ажиллагааг Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор сумын ЗДТГ, Баянхонгор аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, МУЗН хамтран зохион байгуулна.
Ташрамд, Хонгор нутгийн ард олон Тусгаар тогтнолын багана бүхий төв талбайгаа Баганат талбай хэмээн нэрлэдэг. 1945 онд Баянхонгор аймаг Төрийн тусгаар тогтнолд зориулж, Хүндэтгэлийн модон баганыг аймгийн төвд босгосон байдаг бөгөөд тус баганыг 1974 онд улс тунхагласны 50 жилийн ойгоор шинэчлэн аймгийн намын хороо, захиргааны өмнөх талбайд бүтээжээ.
1945 оны намар Тусгаар тогтнолын төлөөх нийтийн санал асуулга явуулан Монголын ард түмэн өөрийн тусгаар тогтнолын төлөө бүх нийтээрээ саналаа өгснийг бататган тэмдэглэхээр Улаанбаатар, Баянхонгор, Улиастай зэрэг газруудад Тусгаар тогтнолын баганан хөшөө босгосон түүхтэй.