УВС: Долоон сумын 11 булгийн эхийг шинээр хашиж хамгаалжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-12-26 12:39:07

Улаангом, 2025 оны 12 дугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Аймгийн байгаль орчны газраас энэ онд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх үйл ажиллагааны зардал, байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн оролцоо болон төсөл хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэгтэйгээр нийтдээ 83 сая төгрөгийн ажил хийжээ.

 

Тодруулбал, Ховд, Наранбулаг, Тэс, Улаангом, Өмнөговь, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутагт нийт 11 булгийн эхийг шинээр хашиж хамгаалах, мөн 1 булгийн эхийг сэргээн засварлах ажлыг тус мөнгөөр хийж гүйцэтгэсэн байна.

 

Эдгээр булгийн эхийг хамгаалснаар усны нөөцийг хамгаалах, экологийн тэнцвэрийг хадгалах, малын бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, орчны доройтлоос урьдчилан сэргийлэхэд чухал үр дүнтэй ажил болжээ.

 

Тэрчлэн, уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2021 онд 5,96 га, 2022 онд 5,99 га, 2023 онд 5 га, 2024 онд 11,57 га, 2025 онд 4,67 га буюу нийт хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлээр доройтсон 33,19  га талбайг нөхөн сэргээсэн байна.

Related news