Орос, Беларусийн цаначдыг олон улсын тэмцээнд оролцуулахаар шийдвэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-03 14:37:55

С.-ПЕТЕРБУРГ, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /РИА Новости/. Спортын арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг Олон улсын цанын спорт, сноубордын холбоо /FIS/ хүлээн зөвшөөрөөд, бие даасан статус авахын тулд хүсэлтээ ирүүлэхийг  Оросын тамирчдад хандан уриаллаа.  


Өчигдөр буюу мягмар гарагт Спортын арбитрын шүүхээс /CAS/ “олон улсын тэмцээнүүдэд Орос, Беларусийн тамирчдыг оролцуулахгүй гэсэн FIS-ийн шийдвэр нь хууль бус” гэж үзсэн байна. 10 дугаар сард тус холбооноос Орос, Беларусийн тамирчдыг олон улсын тэмцээнүүдэд, тэдгээрийн дотор Италид болох Олимпын ба Паралимпын наадмуудын сонгон шалгаруулалтын тэмцээнүүдэд оролцуулахгүй гэсэн шийдвэрээ хүчинтэй хэвээр байгаа гэдгийг мэдэгдсэн юм.


Харин өчигдөр тус холбооноос гаргасан мэдэгдэлд дурдахдаа “CAS-ын шийдвэрийг FIS хүлээн зөвшөөрлөө. Бие даасан статус хүсэх эрх бүхий бүх тамирчин хүсэлтээ цахим шуудангаар илгээнэ үү” гэжээ.


Журамд заасны дагуу, Орос болон Беларусийн зэвсэгт хүчин, хүчний байгууллагуудтай холбоогүй, цэргийн тусгай ажиллагааг дэмждэггүй тамирчид бие даасан статус авах эрхтэй.  


Тэдний хүсэлтийг FIS-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мишель Вион, спортын ёсзүйн хараат бус шинжээч, FIS-ийн захиргааны ажилтнуудаас бүрдсэн комисс хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана. Бие даасан статустай болсон тамирчдын нэрсийг FIS-ийн цахим хуудсанд нийтлэх ажээ. Мөн Орос, Беларусийн тамирчдын авсан оноонууд 2026 оны зургаадугаар сар хүчинтэй байх болно.  


Оросын цанын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Егор Сорин-ы ярьснаар, тус багийн бүх гишүүн бие даасан статус хүссэн өргөдлөө FIS-т илгээжээ. 

Related news