ДАРХАН-УУЛ: ”IELTS-100” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хэрэгжиж буй "Боловсрол-2032" хөтөлбөрийн хүрээнд ЕБС-ийн 11 дүгээр ангийн сурагчдад зориулсан англи хэлний мэдлэгийг сайжруулах хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж байна.
Аймгийн засаг даргын санаачилгаар
элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх, сурагчдын англи хэлний түвшнийг
нэмэгдүүлэх зорилготой
“IELTS-100” хөтөлбөрийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж сургалтыг
өнөөдрөөс эхлүүллээ.
Энэ удаагийн хөтөлбөрт 130 сурагч
түвшин тогтоох тестээр шалгалт өгч 59 сурагч 6 буюу түүнээс дээш оноо авч
тэнцжээ.
Уг хөтөлбөрт хамрагдах сурагчид аль төвд сургалтад хамрагдах эсэхээ өөрсдөө сонгох боломжтой юм. Сургалт өнөөдрөөс эхлэн “Eduzone” болон “Vip Ielts course” сургалтын төвүүдээр хичээллэнэ.
Төлбөрийн 50 хувийг аймгийн ЗДТГ хөтөлбөрийн хүрээнд хариуцаж, 30 хувийг англи хэлний сургалтын төвүүд хөнгөлөх бол үлдсэн 20 хувийг хөтөлбөрт хамрагдах сурагчид гаргах юм.
Ielts-ын шалгалтад 7.5-аас дээш оноотой тэнцсэн тохиолдолд шалгалтын төлбөрийг 100 хувь буцаан олгох журмыг мөн хэрэгжүүлнэ гэв.
Ташрамд, хөтөлбөрийн
эхний сургалтад ЕБС-ийн
10, 11 дүгээр ангийн 100 сурагч хамрагдсан бөгөөд
гурван сарын хугацаанд суралцаж төгссөн байна.
Ulaanbaatar