ДАРХАН-УУЛ: Аян өрнүүлснээр залилангийн гэмт хэрэг 59.5 хувиар буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-11-06 17:36:29

Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд цахим орчинд үйлдэж буй залилангийн гэмт хэргийг бууруулах, таслан зогсооход төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр "Дарханыхан залилуулахгүй" мэдээлэл, сурталчилгааны аяныг наймдугаар сард эхлүүлсэн.


Уг аяны зорилго нь залилангийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага хүлээлгэх, иргэдийг мэдээллээр хангаж, гэмт хэрэгт өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх юм.


Аймгийн Цагдаагийн газар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон төрийн цахим үйлчилгээний хэлтэстэй хамтран хэрэгжүүлж буй уг сурталчилгааны аяны хүрээнд тодорхой үр дүн гарсан үзүүлэлттэй байна.




Аян эхэлснээс хойш буюу наймдугаар сарын 21-нээс аравдугаар сарын 16-ны хооронд аймгийн хэмжээнд залилангийн гэмт хэргийн гомдол мэдээлэл 47 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 58 нэгж буюу 55.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.


Мөн цахим орчинд үйлдсэн залилангийн гэмт хэргийн гомдол 34 бүртгэгдсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 50 нэгж буюу 59.5 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлтэй байна.

 

“Дарханыхан залилуулахгүй” арга хэмжээг гурван үе шаттай зохион байгуулахаар 3 бүлэг, 19 зүйлтэй нэгдсэн төлөвлөгөөг гарган ажиллажээ.



Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргаар төрийн болон төрийн бус байгууллага , аж ахуйн нэгжүүдэд, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг уриалсан албан бичиг хүргүүлж аяныг эхлүүлсэн байна.


Энэ хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдээс 100 ба түүнээс дээш ажилтан, албан хаагчтай 31 байгууллагыг сонгож, цахим орчинд үйлдэж буй залилангийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл, зонхилон үйлдэж буй арга хэлбэр, түүнээс урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийг түгээжээ.


Мөн их, дээд сургуулийн 5000 гаруй оюутан залууст залилангийн гэмт хэргийн талаарх мэдээ, мэдээллийг танхимын сургалтаар хүргэсэн байна.



Аяны хүрээнд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн ухамсар хандлагад нөлөөлөх 12 зурагт мэдээлэл, 14 богино хэмжээний бичлэг бэлтгэн цагдаагийн газрын цахим хаягт байршуулсан нь иргэд аливаа зүйлд анхаарал, болгоомжтой хандах, нягтлах, лавлах хэрэгтэйг ойлгуулжээ.


Түүнчлэн цэвэр ус үйлдвэрлэдэг "Смам ватэр" ХХК, "Чандмань-Эхлэл" ХХК-тай хамтран айл өрх, ААНБ-д хүргэдэг 20 литрийн саван дээр залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай анхааруулах санамж хэвлэн 1000 ширхгийг түгээжээ.



Уг анхааруулах бичиг болон зурагт санамжтай усны савыг 2-3 жил ашиглах боломжтой бөгөөд аж ахуйн нэгж, айл өрхөд тойрог байдлаар очиж, мэдээллийг бүх насны иргэдэд тогтмол өгөх боломжтой шинэлэг ажил болсон гэж зохион байгуулагчид онцолж байна. 

Related news