Аймгийн даргын хөтөлбөрийг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-11-16 22:53:48

Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулахдаа аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдыг ахиулах, өмнө нь хүрсэн үр дүнг бататгах, хөгжлийн шинэ ололт, амжилтуудаар баяжуулахыг зорьсон байна.

Мөн энэхүү хөтөлбөрт Нийслэл хот, Орхон, Булган, Хэнтий, Хөвсгөл, Дархан-Уул, Өмнөговь аймгуудын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүдийн харьцуулсан санаа, аймагт үйл ажиллагаа явуулж буй томоохон аж ахуйн нэгжүүд, иргэд, хөтөлбөрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн саналуудаас судлан нэгтгэж, нягтлан тооцож оруулснаараа онцлог болжээ.

 “Хамтын зүтгэлээр эх нутгаа хөгжүүлье” хэмээсэн эрхэм зорилго бүхий уг хөтөлбөр нь ”Тогтвортой эдийн засаг, орон нутгийн хөгжлийн бодлого”, ”Хүн амын хөгжил-Нийгмийн бодлого”, “Иргэдийн оролцоо-Ил тод хариуцлагатай засаглалын бодлого” гэсэн 3 үндсэн бүлэг, 13 дэд бүлгийн 197 зорилт, 521 арга хэмжээг хэрэгжүүлэхээр боловсруулагдсан байна. Түүнчлэн энэхүү хөтөлбөрийн төсөлд Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрөөс 86, МАН, АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс 77, аймгийг 2021 хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөрөөс 42 зорилт, сум, хэлтэс агентлаг, ажлын хэсгийн 97, Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 23 саналыг тус тус тусгажээ. Уг хөтөлбөрийг энэ сарын 16-ны өдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын III хуралдаанаар баталлаа.

 

Ч.Отгонцэцэг

Related news