Оросын номын сан АНУ-д виртуал уншлагын танхим нээлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
nyamtulga@montsame.mn
2016-11-16 12:07:59

САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Борис Ельциний нэрэмжит ерөнхийлөгчийн номын сан АНУ-д анх удаа виртуал уншлагын танхим нээлээ.

“АНУ дахь Борис Ельциний нэрэмжит ерөнхийлөгчийн номын сангийн анхны цахим уншлагын танхимын нээлтийн ажиллагаа Вашингтон хот дахь Оросын соёлын төвд боллоо. Тус уншлагын танхимд зочилсноор баримт бичиг, архивын материал, цахим ном гээд Ерөнхийлөгчийн номын сангийн сан хөмрөгт байгаа 500 мянга гаруй бүтээлээс уншиж сонирхох боломжтой” гэж номын сангийн хэвлэлийн алба мэдээлэв.

Үүний зэрэгцээ АНУ-ОХУ-ын харилцааны түүхийн тухай цахим цуглуулгыг үзэх боломжтой ажээ. Энэ цахим цуглуулга нь архивын дижитал хуулбар, эрдэм шинжилгээний баримтууд болон 18 дугаар зууны сүүлч үеэс 19 дүгээр зууны дунд үе хүртэлх хоёр улсын харилцааны түүхийн тухай лавлагаа, үзүүлэн материалаас бүрдэж байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт ЗХУ-ын Гадаад хэргийн сайд Вячеслав Молотовыг Цагаан ордонд хүлээж авч байгаа 1942 оны ховор агшин энэ цуглуулгад багтжээ.

Вашингтон хот дахь энэ номын сан нь ОХУ-ын түүхэн зорилгыг өгүүлэх янз бүрийн соёл, боловсрол, мэдээллийн төслүүдийг харуулах газар юм.

Д.Нямтулга

Related news