“Барилгачдын өдөр-2025” нээлттэй өдөрлөг боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Монголын шинэ үеийн барилгын салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойн баяр тохиож байна.
Энэ
хүрээнд Соёлын төв өргөөнд “Барилгачдын өдөр-2025” өдөрлөгийн зохион байгуулж,
баярын хурал зохион байгуулав.
Өдөрлөгийг нээж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан үг хэлэхдээ “Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын нийслэл дэлхийн түвшинд нэрлэгдэхүйц томоохон хот болон хөгжиж байна. Энэ хөгжлийн гол хөдөлгөгч хүч нь барилгын салбарынхан билээ. Жуулчид, аялагчид Монголд ирэхдээ хамгийн түрүүнд дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ямар байна вэ гэж асуухгүй. Харин хотын өнгө төрх, барилга байгууламж, түүхэн өв соёлыг харж тухайн улсын хөгжлийн түвшинг үнэлдэг. Тиймээс барилгын салбарын үе үеийн инженер, барилгачид, эрдэмтэн судлаачид, техникийн ажилтнуудын хүчин чармайлт нийслэлийн өнөөгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм. Барилгын салбарын ойрын болон ирээдүйн зорилт бол 100 жилийн ойгоо угтахын өмнө бид хууль эрхзүйн болон төлөвлөлтийн чиглэлээр олон шинэчлэлт хийхээр ажиллаж байна. Барилгын тухай болон Хот байгуулалтын тухай хуулийг шинэчилж, орон сууцжуулалтын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай. Үүний зэрэгцээ стандарт, дүрмүүдийг ч шинэчилж, олон улсын жишигт нийцүүлэхээр төлөвлөсөн.
Ерөнхий сайдын санаачилгаар “Үндэсний орон сууцжуулалтын банк” байгуулах бэлтгэл ажил өрнөж байна. Энэхүү банкны зорилго нь Монгол Улсын иргэн бүрийг орон сууцтай, хувийн өмчтэй болгох бөгөөд дагалдах олон хуульд өөрчлөлт оруулан санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх замаар утаа, түгжрэл, төвлөрөл, хөрсний бохирдол зэрэг томоохон асуудлыг давхар шийдэх боломжтой гэж үзэж байна. Үүнээс гадна орон сууцтай болох нь иргэдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн чанар амьдралд шууд эерэг нөлөө үзүүлнэ. Монголын барилгын салбарын 100 жилийн ойг угтахдаа зөвхөн баярын үйл ажиллагаа бус, шинэ хууль эрх зүйн орчин, бодлогын цогц шинэчлэлээр ирээдүйд чиглэсэн томоохон ахиц гаргахаар зорьж байна” хэмээн ярив.
Нээлттэй өдөрлөгийн үеэр барилгын салбарын шилдэг 10 аж ахуйн нэгжийн шалгарууллаа. Ингэхдээ зургаан чиглэлээр шилдгүүдийг тодруулж, алдаршуулсан байна. Барилга угсралтын чиглэлээр “Биг Монголия Бюлдинг”, “Актив Гарден”, инженерийн шугам сүлжээгээр “Макс өргөө”, барилгын материалын үйлдвэрлэлээр “Пирамид индустри”, “Монцемент бюлдинг Материалс”, Хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төслөөр “Эн Эй Ди Эм Си”, “Эн Эй Жи групп”, “Нодтранс”, нийтийн аж ахуйгаар “Дөрвөлж”, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйгаар “Монкон констракшн” шилдгээр шалгарчээ.