Хот, нийтийн аж ахуйн техник хэрэгслийг шинэчиллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-06 10:20:19

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод цэвэр, ая тухтай, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхээр хот, нийтийн аж ахуйн техник хэрэгслийг үе шаттай шинэчилж байна.


Өнгөрсөн онд 114 техник хэрэгсэл авсан бол, энэ онд 241-ийг авахаас одоогоор 157 техник хэрэгслээр паркаа шинэчилжээ.

Баянгол дүүргийн ЗДТГ-ын тохижилтын хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ “Дүүрэгт 500 гаруй ажилтан, хувийн хэвшлийн болон орон нутгийн өмчит 23 байгууллага цэвэрлэгээ үйлчилгээ, ногоон байгууламжийн ажилбар, орчны гэрэлтүүлэг, хог тээврийг өдөр бүр хийж байна. Энэ онд зам талбай, хайс хашлага угаадаг, усалгаа хийдэг, өвөлдөө давс бодис цацах олон үйлдэлт гээд 40 гаруй зориулалтын шинэ машин механизм авлаа. Мөн өнгөрсөн сард хийсэн бүх нийтийн цэвэрлэгээнд 206 СӨХ, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 2100 аж ахуйн нэгж, төр захиргааны 450 албан хаагч оролцсон” гэлээ. 



Түүнчлэн нийслэлд “Шарилжгүй Улаанбаатар аян”-ыг наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж байна. Тус аянаар хөл газрын ургамлын тоосноос үүдэх харшлаас сэргийлэх, өвчлөлийн тоог багасгах, хөл газрын ургамлыг шинжлэх ухааны үндэслэлтэй тайрах, хадах, малын тэжээл болгох, иргэдэд мэдлэг, зөв ойлголт өгөх, цэвэрлэгээнд иргэдийг түлхүү оролцуулахаар 9 дүүрэгт зохион байгуулжээ. 

Related news