Польшийн программ зохиогч хиймэл оюуныг хожиж дэлхийн аварга болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-07-21 14:37:35

ТОКИО, 2025 оны долоодугаар сарын 21 /unian/. Польшийн программ зохиогч Пшемыслав Psyho Дембяк Японы нийслэл Токио хотноо болсон программчлалын хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “AtCoder World Tour 2025” -ын финалын шатанд “OpenAI” компанийн хиймэл оюуны загварыг ялжээ. 


Тэмцээнд шилдэг 12 программ зохиогчоос гадна “OpenAI” компанид зохион бүтээсэн хиймэл оюуны загварыг анх удаа оролцуулжээ. Дембяк 10 цаг үргэлжилсэн финалд хиймэл оюунаас 9.5 хувиар илүү оноо авснаар тэргүүн байр эзэлсэн байна.


“OpenAI”-ийн “OpenAIAHC” гэдэг нэртэй загвар  уг тэмцээнд тэргүүлж байсан боловч Дембяк түүнийг стандарт бус аргаар хожсон байна. Тэрбээр хьюристик дүн шинжилгээний арга, зөн мэдрэмж, дасан зохицох стратегиудыг ашиглажээ. Тэмцээнийг зохион байгуулагч Йоичи Ивата хэлэхдээ “Хиймэл оюун тооцооллын даалгавруудыг маш сайн гүйцэтгэсэн ч бүтээлч байдал дээр ялагдсан” гэв.


Финалын шатны даалгавар нь 30x30 хэмжээтэй торон талбайн дагуух роботын хөдөлгөөний хамгийн оновчтой чиглэлийг төлөвлөх байв. Энэ бол маш хүнд даалгавар бөгөөд бүх хувилбарыг шалгаж үзэх боломжгүй учир түрүүлэх эсэх нь хамгийн оновчтой шийдлийг хурдан гаргаж чадахаас шалтгаалах байв.


Өдгөө 42 настай Дембяк “OpenAI” компанид инженерээр ажиллаж байсан бөгөөд "Dota 2" тоглоомд зориулсан хиймэл оюуны “OpenAI Five” загварыг зохион бүтээхэд оролцож байжээ. Тэрбээр хэлэхдээ, финалын шатанд хиймэл оюуныг хожихын тулд бүх хүчээ дайчилсан гэлээ. Тэмцээний ялагч 500 мянган иен буюу 3 мянган ам.долларын шагнал авчээ. 




Related news