2026 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарыг худалдах хугацааг зарлалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2025-07-17 10:57:53

ЦЮРИХ, 2025 оны долоодугаар сарын 17 /Kazinform/.  2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тасалбарыг худалдах хөтөлбөрийг ирэх есдүгээр сарын 10-нд эхлүүлнэ гэж Олон улсын хөл бөмбөгийн холбоо (FIFA) мэдэгдлээ. Энэ өдөр мөн тасалбарын сугалаанд оролцох бүртгэл эхэлнэ.


Тасалбарын худалдааг хэд хэдэн үе шаттайгаар явуулах бөгөөд 2025 оны есдүгээр сарын 10-наас эхлэн 2026 оны долоодугаар сарын 19-нийг хүртэл буюу Нью-Йорк хотод болох финалын тоглолт хүртэл үргэлжилнэ.  Үе шат бүрд худалдан авах үйл явц, төлбөрийн арга, борлуулалтын нөхцөл өөр өөр байж болно. FIFA эдгээр бүх нарийн мэдээллийг урьдчилан зарлах бөгөөд шат бүрийн талаарх мэдээллийг ойрын хугацаанд нийтлэх ажээ. 


Хөгжөөн дэмжигчдэд FIFA-гийн албан ёсны цахим хуудсанд урьдчилан бүртгүүлж, өөрийн ID-ыг үүсгэхийг зөвлөж байна. Ингэснээр тасалбарын худалдааны дараагийн үе шат, хүсэлт гаргах хугацаа болон бусад чухал мэдээллийг цаг тухайд нь хүлээн авах боломжтой.


“Энэ бол түүхэн дэх хамгийн том спортын үйл явдал байх болно. Бид дэлхийн өнцөг булан бүрээс хөгжөөн дэмжигчдээ суудалдаа сууж, түүхийн нэг хэсэг болохыг урьж байна” гэж FIFA-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино хэллээ. 


2026 оны ДАШТ түүхэн дэх хамгийн том тэмцээн болох төлөвтэй байна. 23 дахь удаагаа зохион байгуулах уг тэмцээнд 48 шигшээ баг оролцох бөгөөд Канад, Мексик, АНУ-ын цэнгэлдэх хүрээлэнгүүдэд 104 тоглолт болно. Тус тэмцээнд 6.5 сая орчим хөгжөөн дэмжигч хүрэлцэн ирэх төлөвтэй байна. 

Related news