Урианхай, буриад сурын шилдгүүд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-09 12:18:05

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын урианхай сурын харвааны шилдгүүд тодорч, шинэ мэргэн төрлөө. тодорлоо.


Тодруулбал, энэ жилийн харваанд 350 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос эрэгтэйчүүдээс Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат Х.Мягмаржав 27 оноогоор товх харван түрүүлж, урианхай сумын улсын мэргэн цолны болзол хангажээ.


Тэгвэл Завхан аймгийн Тэс сумын уугуул, Налайх дүүргийн харьяат, “Их өв цэцэн” багийн харваач, урианхай сурын улсын мэргэн Б.Хатансайхан, Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат, “Өлгийн мэргэчүүд” багийн харваач, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний тамирчин, спортын мастер Н.Алтансүх, Ховд аймгийн Дуут сумын харьяат “Уулсын мэргэчүүд” холбоо, “Алтайн шонхор” багийн харваач, аймгийн мэргэн М.Галбадрах нар 27 оноогоор 2-4 дүгээр байрыг эзэлсэн байна.


Харин Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул, Ховд аймгийн Мянгад сумын харьяат, “Уулсын мэргэчүүд” холбоо, “Алтайн шонхор” багийн харваач, урианхай сурын улсын мэргэн Д.Алтангэрэл 25 оноогоор айрагджээ.


Үүнээс гадна өчигдөр шинэ дүрмээр зохион байгуулсан буриад сурын харвааны эрэгтэйчүүдийн ангилалд Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, спортын дэд мастер Ц.Ганбаатар 47 оноогоор түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс Дархан-Уул аймгийн харваач З.Болормаа 44 оноогоор түрүүлж, улсын мэргэний болзол хангасан байна.




Related news