Хятадын анхны Лего парк Шанхайд нээгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-07-08 16:37:17

ШАНХАЙ, 2025 оны долоодугаар сарын 8 /CGTN/. Хятадын зүүн нутагт орших Шанхай хотын Жиньшань дүүрэгт “Legoland” парк өнгөрсөн бямба гарагт албан ёсоор нээгджээ.


Туршилтын горимоор нэг сарын турш ажилласны дараа олон нийтэд нээлттэй болсон, Дани улсын алдартай “Lego” тоглоомын брэндээс сэдэвчилсэн паркийг Шанхай хотоос 50 км зайд 318 мянган м² (ойролцоогоор хөл бөмбөгийн 45 талбайтай тэнцэх) талбайд байгуулжээ. 


Уг парк нь дэлхийн 11 дэх, Хятадын анхны “Legoland” парк болж байна. Паркийг нийтдээ 85 сая легогоор бүтээсэн бөгөөд найман сэдэвчилсэн бүс, 75 төрлийн тоглоом, үзмэр, мөн 250 өрөө бүхий зочид буудалтай байна.


Парк руу орох нэг удаагийн тасалбар 44-84 ам.долларын үнэтэй. 


Шинэ “Legoland” паркийг албан ёсоор нээхийн өмнөхөн Шанхай хотод Азийн бүсийн олон улсын зугаа цэнгэлийн паркуудын холбооны үзэсгэлэнг амжилттай зохион байгуулжээ. Зүүн Азийн бизнесийн төв гэгддэг Шанхай хот амралт, чөлөөт цагийн шинэ төв болон хувирч байна. 2027 он гэхэд тус хотод Харри Поттер, Пеппа гахай зэрэг хүүхэлдэйн кинонуудаас сэдэвчилсэн паркуудыг мөн барихаар төлөвлөж байгаа ажээ.


Одоогийн байдлаар Хятадад 400 орчим сэдэвчилсэн парк үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ салбарын зах зээлээр тус улс дэлхийд хоёрдугаарт орж байна.




Related news