ЗАВХАН: Хүүхдүүдийг хичээлийн бус цагаар чадварыг нь хөгжүүлж байна
ФОТО МЭДЭЭ
Улиастай, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдийн сурах орчныг таатай байлгахаас гадна хичээлийнхээ хажуугаар сонирхсон сургалтуудад хамрагдах боломжийг олгож байна.
Их-Уул сумын даамны холбооны санаачилгаар энэ жилийн орон нутгийн хөгжлийн сангийн 20 сая төгрөгийн санхүүжилтээр даамны кабинетыг тохижуулж нээсэн байна.
Тус сургуулийн 60 гаруй хүүхэд даамаар тогтмол хичээллэдэг бөгөөд улс, аймгийн олон уралдаанд амжилттай оролцжээ.
Тухайлбал хамгийн сүүлд өсвөр үеийн улсын аварга шалгаруулах даамны тэмцээнд тус сургуулийн сурагчид амжилт үзүүлжээ. Хоёрдугаар ангийн сурагч Л.Оюунтунгалаг 100 буудалт даам блиц төрөлд хүрэл медаль, 100 буудалт даам рапид төрөлд хүрэл медаль, 64 буудалт даам үндсэн төрөлд хүрэл медаль хүртжээ. Тавдугаар ангийн сурагч Н.Баасанжаргал спортын дэд мастерын болзол хангаж 64 буудалт даам үндсэн төрөлд хүрэл медаль, зургаадугаар ангийн сурагч Г.Магсарсүрэн спортын дэд мастерын болзол хангаж 100 буудалт даам үндсэн төрөлд 7-р байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ.
Сумын сургууль “Өсвөрийн сэтгэл зүйч” клубийг байгуулж сургуулийн сэтгэл зүйчтэй хамтран хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааг явуулдаг. Энэ үеэрээ сэтгэл зүйчийн хэрэглэгдэхүүн болон сэтгэл зүйн оношилгоо мэдрэмжээ илэрхийлэх самбарыг ажиллуулдаг байна. Мөн клубийн шинэ элсэгчдийн бүртгэлийг нээж хөтөлдөг байна.
Сургуулийн номын сангаас “1000 ном" хөтөлбөрийг хэрэгжүүлж бүлэг бүрийн хүүхдүүдэд тохирсон шинэ номын танилцуулга уншлагыг тогтмол зохион байгуулдаг байна.