Түймрийн нөхцөл байдлыг тандаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд он гарснаас хойш энэ сарын 30-ны байдлаар 12 аймгийн 59 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 100 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ.
Үүнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 38 хувиар нэмэгдсэнийг ОБЕГ-аас мэдээлэв. Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 65.822 га, хээрийн 566.530 га, нийт 632.352 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт Дорнод, Сэлэнгэ, Төв,
Хөвсгөл, Хэнтий аймагт 10
удаагийн ой, хээрийн гал түймэр гарснаас 5 гал түймрийг бүрэн унтраагаад байна.
Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумын Хэрийн гол, Хөвсгөл
аймгийн Цагаан-Үүр сумд гарсан ойн 3 түймрийг цурамд оруулсан бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Минжийн даваа, Хэнтий аймгийн
Батширээт сумын Бодончийн даваанд гарсан ойн 2 түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Орхон,
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн ОБГ-ын 280 алба хаагч, 12 автомашин,
Хил хамгаалах байгууллага, Байгаль орчин, Эрүүл мэндийн байгууллага, Байгалийн
тусгай хамгаалалттай газар, сумдын мэргэжлийн анги, аж, ахуйн нэгж,
байгууллагын 121 хүн, 15 автомашин, 17 морьтой буюу нийт 401 хүн, 27 автомашин, 17
морьтой үүрэг гүйцэтгэж байна.
Сүүлийн 10 хоногт гарсан ой, хээрийн түймрийн ихэнх нь автомашин очих боломжгүй
мориор 3-5 хоног туулж очих газарт гарсан тул Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн
МИ-171 нисдэг тэрэг, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн
нисдэг тэргээр нислэг үйлдэж, хүч, хэрэгслийг түймрийн голомтод хүргэн, нөхцөл байдлыг тандаж байна.
Түймрийн эрсдэлийн зэрэг буураагүй, ихэнх нутгаар хуурайшилт
их байгаа тул ой, хээрийн
түймрийн аюулаас иргэн бүр урьдчилан сэргийлж, ой, хээрт зорчихгүй, хашааны
өнжмөл өвс, хог хаягдлыг ил
задгай шатаахгүй байхыг анхаарууллаа.