Боомтын дэд бүтцийг сайжруулах талаар санал солилцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-05-29 12:45:09

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Эдийн засаг, хөгжлийн яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны нэгдсэн бодлогын газрын дарга П.Чандмань БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах орны Боомтын удирдлагын газрын дэд дарга Фү Чаохунийг хүлээн авч уулзлаа.


Талууд баруун бүсийн таван аймаг болон БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө Засах орны хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов. Ингэхдээ "ногоон" уул уурхай, аж үйлдвэр, боомт, эрчим хүч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлж, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэх шаардлагатайг онцолсон юм. Мөн тус газартай хиллэдэг дөрвөн боомтын дэд бүтцийг сайжруулж, малын гаралтай түүхий эдийн экспортыг нэмэх тухай ярилцав. Тухайлбал, Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор тэсэрч дэлбэрэх бодис, химийн аюултай ачаа нэвтрүүлэх боломжийг судлах, Ховд аймгийн Байтаг боомтыг байнгын ажиллагаатай болгох, Баян-Өлгий аймгийн Даян боомтын хөгжлийг эрчимжүүлэх аж. 


БНХАУ-ын талаас Монгол Улс Ашигт малтмал болон малын гаралтай бүтээгдэхүүний арвин нөөцтэйг онцлоод, ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалт, уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх сонирхолтойгоо илэрхийлжээ. 

Related news