Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох тухай хуулийн төслийг дахин өргөн барина
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүйд тооцох тухай хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д дахин өргөн мэдүүлэхээр тогтлоо.
УИХ-ын өнгөрсөн оны
4 дүгээр сарын 19-ний чуулганы хуралдаанаар “Гаалийн албан татвараас чөлөөлөх
тухай хууль”-ийг хэлэлцэн, улаанбуудайн гурил, мал, амьтны тэжээл, тэжээлийн
нэмэлтийг гаалийн албан татвараас чөлөөлж, тоо хэмжээ, хугацааны хязгаарлалтгүй импортлохоор баталсан. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж,
нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, мал аж ахуйн салбарыг эрсдэлээс
хамгаалах зорилгодоо хүрсэн учир
“Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болгох тухай хууль”-ийн
төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцүүлсэн ч дэмжээгүй. Хуулийн үйлчлэл зөвхөн улаанбуудайн гурил
үйлдвэрлэгчид бус газар тариалан, мал аж ахуй, тэжээлийн үйлдвэрлэл түүнчлэн, тариалангийн зориулалттай техник
тоног төхөөрөмж, ургамал хамгааллын бодис, бордооны ханган нийлүүлэлт зэрэг хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн
сүлжээнд тогтворгүй нөхцөл байдлыг бий болгожээ. Иймд тус салбарт
үүссэн нөхцөл байдлыг үндэслэн “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг
хүчингүй болсонд тооцох тухай хууль”-ийн төслийг боловсруулж, УИХ-д яаралтай горимоор дахин өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх шаардлагатай
гэж үзжээ.