Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын шугамын ажил үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-07 16:12:29

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар Засгийн газраас томилогдсон Ажлын хэсгийн хамт “Багахангай-Хөшигийн хөндий” чиглэлийн салбар төмөр зам барих төслийн бүтээн байгуулалтын ажлын явцтай биечлэн танилцав. 


Энэхүү салбар төмөр зам “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Багахангай” өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур болон ”Чингис хаан” нисэх онгоцны буудлын урдуур чиглэн Хөшигийн хөндийд төлөвлөж буй ачаа тээврийн гол зангилаа болох “Тээвэр логистикийн бүс” хүрэх төмөр замын салаа зам юм.

 

Багахангай өртөөний өргөтгөл хэсэг буюу төмөр зам салаалах хэсгийн ажлыг "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн инженер техникийн ажилтнууд энэ оны зургаадугаар сарын 10-наас өнгөрсөн сарын 8-ны хооронд гүйцэтгэсэн аж.

 

Харин Багахангай өртөөнөөс цааш үргэлжлэх Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын шугам нь нийт 102 км урт дан замтай, 2 өртөө, 4 зөрлөгтэй, 2,5 км урт орчим гүүрэн байгууламжтай байхаар төлөвлөснөөс  бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна.

 

Төмөр замын барилгын ажлыг одоогоор дотоодын 70 орчим ААН, компаниуд 2500 орчим инженер техникийн ажилтнууд, 1500 орчим техник хэрэгсэл, машин механизмтай илүү цагаар буюу 24 цагаар хийж гүйцэтгэж байна.








Related news