Увс аймгийн ИТХ-ын хороодын үйл ажиллагаа жигдэрлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн ИТХ-ын 2 дугаар хуралдаан саяхан болж ИТХ-ын хороодын зохион байгуулалтыг авч хэлэлцсэн юм.
Улмаар Нутгийн удирдлага, хамтын ажиллагааны хороо, Төсөв, санхүү эдийн засгийн хөгжлийн хороо, Хууль эрх зүй, дотоод хяналтын хороо, Хүний хөгжил, нийгмийн асуудлын хороо, Байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлын хороо гэсэн таван хороог байгуулж, дарга, дэд дарга нарыг сонгосон. Хороог зохион байгуулахдаа нэг төлөөлөгч 3 хүртэлх хорооны гишүүн байж болно гэж үзсэн юм. Ингэснээр хороодын үйл ажиллагааны уялдаа сайжирч, шийдвэрийн давхцал, хийдэл гарах магадлал буурна гэж байв. Үүнээс гадна урьд нь хороог хэн нэгэн Тэргүүлэгчээр удирдуулдаг байсан бол энэ удаад төлөөлөгчөөр удирдуулсан нь бусад төлөөлөгчдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.
Одоогоор дээрх хороод тусгай удирдамж боловсруулж, аймгийн төвийн төрийн байгууллагуудаар явж ажиллаж байна. Эхний ээлжинд Хүний хөгжил, нийгмийн асуудлын хороо Улаангом сумын ЗДТГ, эрүүл мэндийн төвүүд, сургууль, цэцэрлэгүүд, аймгийн Нэгдсэн эмнэлэг, музей, номын сан, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар зэрэг 20 гаруй байгууллагаар явж өвөлжилтийн бэлтгэл хангалт, үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тэдний санал хүсэлтийг сонсох, зөвлөн туслах ажлыг хийжээ. Өөрөөр хэлбэл, аймгийн ИТХ-ын дарга Э.Насанбат, Хүний хөгжил, нийгмийн асуудлын хорооны дарга Т.Амарзаяа, орлогч дарга Н.Тагаа нар болон төлөөлөгч Г.Цэрэндулам, А.Хилэнбаатар, Е.Баяраа, Н.Батбуян, Я.Алтангэрэл, Я.Цэцэгмаа, Д.Төмөр-Очир, Г.Энхбат, С.Бямбабаатар, Э.Баатарсан, Д.Мягмарсүрэн, О.Ганцоож, Б.Анхбаяар, Д.Доржготов, Б.Алтанчулуун нар гурван хэсэг болж Улаангомд ажилласан байна.
“Хороод байгууллагуудаар ажиллах явцад тухайн байгууллагын дарга, захирал, эрхлэгчид хяналт, шалгалт гэж хүлээн авч үйл ажиллагаагаа сайн талаас нь тайлбарлан таниулах бус өөрт тулгамдсан асуудлуудаа үнэн бодитоор хэлж ойлгуулах тал дээр түлхүү анхаарч ажиллах ёстой. Тэгж байж бидний хамтын ажиллагаа улам идэвхжиж, сум орон нутгийн тулгамдсан асуудлууд бодлого шийдвэр болох юм” хэмээн аймгийн ИТХ-ын ажлын албаны дарга Х.Дашзэвэг манайд мэдээллээ.
Б.Батхүү