УВС: "Математикийн 7 хоног" өдөрлөг боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Улаангом политехник
коллежийн математикийн багш нар суралцагчдынхаа дунд "Математикийн
7 хоног" өдөрлөгийг энэ сарын 15-19-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Энэ үеэр суралцагчдыг математикийн судлагдахуунд
сонирхолтой болгох, сэтгэн бодох чадварыг нь нэмэгдүүлэх, цээжээр бодох арга
зүйд суралцуулах, аливаа зүйлд анализ дүгнэлт хийх чадварт сургах, бүтээлч
сэтгэлгээг нь хөгжүүлэх зорилгоор олон
төрлийн ажлыг зохион явуулсан юм.
Тухайлбал, сургуулийнхаа номын сан дахь математикийн
чиглэлийн ном сурах бичгүүд болон математикийн багш нарын боловсруулсан гарын
авлага, биет болон бодит үзүүлэн, хичээлийн хэрэглэгдэхүүнүүдээр үзэсгэлэн гаргаж, суралцагчдад танилцуулжээ. Мөн суралцагчдын дунд
биет болон стикер үзүүлэнгийн уралдаан зохион байгуулснаас
гадна мэргэжлийн
боловсролын 3 жилийн сургалтын 1, 2-р ангийн суралцагчдын дунд математикийн
анги нийтийн олимпиад зохион байгуулсан байна.
Тус коллежид 20 гаруй мэргэжлээр 500 орчим хүүхэд суралцдаг.