Норвегийн хөлбөмбөгчин 30 минутанд дөрвөн гоол оруулав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-05-11 11:50:04

МАДРИД, 2025 оны тавдугаар сарын 11. /ТАСС/. “Атлетико” багт тоглож буй Норвегийн довтлогч Александер Сёрлот өчигдөр болсон тоглолтын үеэр 30 минутын дотор дөрвөн гоол оруулжээ.


Испанийн аварга шалгаруулах тэмцээний 35 дугаар тойрогт “Атлетико”, “Реал Сосьедад” багууд учраа тааран тоглож, “Атлетико” талбайдаа 4:0 харьцаагаар хожсон байна.


Сёрлот  7, 10, 11 ба 30 дахь минутанд гоол оруулсан бөгөөд эхний ба гурав дахь гоолуудын хоорондох хугацаа 3 минут 57 секунд байв. Энэ нь Испанийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд рекорд болохоор хамгийн богино хугацаа юм. Өмнө нь 1995 онд “Депортиво” багийн хөлбөмбөгчин Бебето 4 минут 43 секундэд хет трик хийснээр дээд амжилт тогтоож байв. Түүнчлэн Норвегийн довтлогч тоглолт эхэлснээс хойш хамгийн богино хугацаанд 3 гоол оруулсан тамирчнаар тодорсон байна. Өмнө нь 1941 онд Эдмундо Суарес 15 минутын дотор 3 гоол оруулж байсан түүхтэй.


Одоогийн байдлаар, Сёрлот Испанийн аварга шалгаруулах тэмцээний 32 тоглолтод оролцохдоо 17 гоол оруулаад байна.


Энэ удаагийн 35 дахь тойргийн тоглолтод хожсоноор Мадридын “Атлетико” баг 70 оноотой болж, тэмцээний хүснэгтийн 3 дугаарт, "Реал Сосьедад" баг 43 оноотойгоор 12 дугаарт бичигдэж байна.


Дараагийн тойрогт “Атлетико” 15-ны өдөр “Осасуна” багтай талбайд нь, "Реал Сосьедад" баг “Сельта”-г талбайдаа хүлээн авч тоглоно. 

Related news