Трансжендэр эмэгтэйчүүдэд спортын виз олгохыг хязгаарлана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-08-05 15:44:54

ВАШИНГТОН, 2025 оны наймдугаар сарын 5 /Reuters/. АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба /USCIS/ эмэгтэйчүүдийн спортод өрсөлдөх хүсэлтэй трансжендэр эмэгтэйчүүдийн визийн зөвшөөрлийг хязгаарлах үүднээс цагаачлалын бодлогоо шинэчилсэн тухайгаа даваа гарагт мэдэгджээ


Бодлогын шинэчлэлтийн дагуу USCIS нь онцгой ур чадварын O-1A, өндөр ур чадвартай ажилтнуудад зориулсан EB-1, EB-2 ногоон карт зэрэг ангилалд визийн мэдүүлгийг нягтлахдаа эрэгтэй тамирчин эмэгтэйчүүдийн эсрэг өрсөлдөж байсан баримтыг сөрөг хүчин зүйл гэж үзэх ажээ.


USCIS-ийн төлөөлөгч Мэттью Трагессер мэдэгдэхдээ, USCIS нь хүйсийн баримжаагаа өөрчилж, эмэгтэйчүүдийн эсрэг биологийн давуу талаа ашиглан элит спортод түрүүлэх боломжийг эрэлхийлж буй гадаадын эрэгтэй тамирчдад зориулсан хуулийн цоорхойг арилгаж байна гэлээ. Зөвхөн эмэгтэй тамирчид АНУ-д эмэгтэйчүүдийн спортод оролцохоор виз авах нь аюулгүй байдал, шударга ёс, хүндэтгэл, үнэн мөнийг сахиулсан хэрэг юм гэж тэрбээр нэмж хэлжээ.


Энэхүү алхам нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны зүгээс хөнгөн атлетикийн спортод трансжендэрүүдийн оролцоог зохицуулах өргөн хүрээний хүчин чармайлттай нийцэж байгаа бөгөөд улс орон даяар муж улсын түвшинд батлагдсан ижил төстэй бодлогыг дагаж мөрдөж байна.


Өнгөрсөн сард АНУ-ын Олимп, Паралимпын хороо Д.Трампын энэ оны эхээр гарын үсэг зурсан трансжендэр эмэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн спортод оролцохыг хориглосон захирамжид нийцүүлэн бодлогоо шинэчилжээ. Д.Трамп хоёрдугаар сард Эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүдийн спортод оролцуулахгүй байх” тухай зарлигт гарын үсэг зурсан юм. Уг баримт бичгийг дэмжигчид шударга ёсыг сэргээнэ гэж үзэж байгаа бол шүүмжлэгчдийн хувьд цөөнх тамирчдын эрхийг зөрчиж байна гэсэн байр суурьтай байна.



Related news