Нагасакигийн энх тайвны ёслолд бүх улс орныг урина

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-05-09 15:44:37

НАГАСАКИ, 2025 оны тавдугаар сарын 9 /NHK/. Нагасаки хотын дарга энэ жилийн энх тайвны ёслолд Японд дипломат төлөөлөгчийн газартай бүх улс орон, бүс нутгийг урихаар төлөвлөж байна. АНУ тус хотод атомын бөмбөг хаяснаас хойш энэ онд 80 жилийн хугацаа өнгөрч байгаа юм. 


Нагасаки хотын захиргаа жил бүрийн наймдугаар сарын 9-нд болдог ёслолд 2021 оноос хойш анх удаа бүх улс орон, бүс нутгийг урилаа. Өнгөрсөн онд Израилыг уриагүй юм. Ингэхдээ атомын бөмбөгдөлтөд амь хохирогсдын дурсгалыг хүндэтгэх ёслолыг тайван, ёслол төгөлдөр зохион байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийлж байв. Харин АНУ-ын Элчин сайд болон бусад зарим орны төлөөлөгчид хотын захиргааны уг шийдвэрийг эсэргүүцэн ёслолд оролцоогүй юм. Түүнчлэн 2022 онд Оросын арми Украинд довтолсноос хойш Орос, Беларусь улсуудыг ёслолд уриагүй байна.


Нагасаки хотын дарга Сүзүки Широ пүрэв гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, тус хот Японд Элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газартай Израил, Орос зэрэг бүх улс орон, бүс нутгийг урихаар төлөвлөж байна гэлээ. Тэрбээр урьсан бүх төлөөлөгч ёслолд оролцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд "ялангуяа олон улсын хамтын нийгэмлэгийн талцал хуваагдал гүнзгийрч байгаа энэ цаг үед" хэмээн онцолсон байна. Атомын зэвсэг хэрэглэснээс үүдэлтэй аймшигт үр дагаврыг тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож, зүрх сэтгэлээрээ мэдрээсэй гэж хүсэж байна хэмээн хотын дарга нэмж хэлжээ.


Хотын захиргааны зүгээс ёслолын үеэр аюулгүй байдлыг хангахын тулд чанд хатуу арга хэмжээнүүдийг авч, тайван, ёслол төгөлдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.



Related news