MONGOLIAN NATIONAL
NEWS AGENCY

М.Аббас Газын зурвасын асуудлаарх уулзалтад оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-13 10:20:50

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 13 /DW/. Палестины үндэсний засаг захиргааны тэргүүн Махмуд Аббас Египитийн Шарм-эш-Шейх хотод болох “энх тайвны дээд түвшний уулзалт”-д оролцоно гэж “Axios” сайтын сэтгүүлч Барак Равид ням гарагт X нийгмийн сүлжээн дэх хуудсандаа эх сурвалжийн мэдээллийг эш татан бичжээ. Уг уулзалтын үеэр Газын зурвасын асуудлаарх энхийн гэрээнд гарын үсэг зурах ёслол болох юм. 


“М.Аббас маргааш Египетэд болох Трампын энх тайвны дээд хэмжээний уулзалтад оролцохоор төлөвлөж байгаа гэж Палестины албан тушаалтан надад мэдээлсэн” гэж Равид бичсэн байна. 


“Axios”-оос гадна, Египетийн “Al-Shorouk” сонинд мөн Аббасыг аравдугаар сарын 13-нд буюу өнөөдөр болох уулзалтад оролцоно гэж эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. 


Шарм-эль-Шейх хотод олон улсын “энх тавны дээд хэмжээний уулзалт” зохион байгуулахаар төлөвлөж буйгаа Египетийн Гадаад хэргийн яам өнгөрсөн бямба гарагт мэдэгджээ. Уулзалтын үеэр “Газын зурваст дайныг зогсоох гэрээ”-нд гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Израил, ХАМАС-ын хооронд эхний хэлэлцээрийг мөн Египетийн энэ хотод байгуулсан юм.


Египетийн Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Египетийн төрийн тэргүүн Абдель Фаттах ас-Сиси нар хамтран даргална. Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер, Германы Канцлер Фридрих Мерц зэрэг 20 орчим удирдагч уг дээд түвшний уулзалтад оролцох ажээ. 


Харин Израилын талаас болон Европын Холбоо, АНУ-д террорист байгууллагуудын тоонд оруулсан ХАМАС бүлэглэлийн төлөөлөгчид гэрээнд гарын үсэг зурах үйл явцад оролцохгүй. Дээд хэмжээний уулзалт болох өдрийн өглөө тус бүлэглэл барьцаанд байгаа Израилын иргэдийг суллах төлөвтэй байна. 


Related news