Лалын шашинтнуудаар тохуурхсан Олимпын медальтны тэмцээнд оролцох эрхийг хасав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
sarnai@montsame.mn
2016-11-02 09:57:17

ЛОНДОН./BBC/. Их Британийн Спортын гимнастикийн холбоо Олимпын наадмаас дөрвөн медаль хүртсэн гимнастикч Луис Смитийн тэмцээнд оролцох эрхийг хоёр сарын хугацаагаар хаслаа. Ийм шийдвэр гаргах болсны учир нь, Л.Смит лалын шашинтнуудыг дооглон тохуурхсантай холбоотой аж.  

Смитийн авсан нэгэн дүрс бичлэгт тэрбээр тохуурхсан байдалтай хөхөрч байх үед өөр нэгэн гимнастикч Люк Карсон мөргөл үйлдэж буй лалын шашинтнуудыг элэглэн дууриаж байгаа нь харагдана.

Рио-де-Жанейрогийн Олимпын наадмаас модон морин дээгүүр тулж харайх дасгалд мөнгөн медаль хүртсэн 27 настай Луис Смит өөрийн бодлогогүй гоомой үйлдэлдээ гэмшиж байгаагаа мэдэгдсэн байна.

Харин тамирчны замналаа зогсоосон Карсонд сануулга өгсөн боловч дасгалжуулагчийн ажил хийхийг нь хориглоогүй аж.

Смитийн хувьд өмнө нь хэд хэдэн удаа ёсзүйгүй үйлдэл гаргаж байжээ. Тэрбээр Америкийн 16 настай  гимнастикчийн гэрэл зургийг нийгмийн сүлжээнд байрлуулаад дор нь зохисгүй үг хэллэг бүхий тайлбар хийсэн аж. Үүнийх нь төлөө түүнд сануулга өгч байв.

Түүнээс гадна Их Британийн АШТ-ний үеэр М. Уитлок гэдэг тамирчинд ялагдсан Л.Смит тэмцээний шүүлтэд булхай орсон хэмээн үг хэл гаргасны учир донгодуулж байсан гэнэ.    

Х.Сарнай

Related news