ОРХОН: Өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөрт 500-1000 өрхийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-04-16 09:20:36

Баян-Өндөр, 2025 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Жаргалант сумын ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран малчин тариаланчдын зөвлөгөөнийг зохион байгууллаа. Хүнс хөдөө аж ахуйн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлыг өргөн хүрээнд ярилцаж гарц шийдэл, ололт, үр дүн хэлэлцэх нь энэхүү зөвлөгөөний гол зорилго юм.


Орхон аймагт 5,6 мянган га эргэлтийн талбайд 12 ААН, 393 өрх тариалалт эрхэлж байна. Аймгийн хэмжээнд 1072 малчин өрхөд 176,4 мянган толгой мал тоолуулсан нь хүн амын хэрэгцээт мах махан бүтээгдэхүүний 81,3 хувийг хангаж байгаа юм.


Улс орны хэмжээнд "Хүнсний хангамж аюулгүй байдал" "Цагаан алт" үндэсний хөдөлгөөн, "Шинэ хоршоо хөдөлгөөн" "Атрын IV аян"-ыг орон даяар өрнүүлээд байгаатай холбогдуулан хөдөлгөөнүүдийн талаарх мэдээллийг хөдөө аж ахуйн салбараас мэдээллээ.


Аймаг, орон нутгийн зүгээс хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос өрхийн тариалалтыг дэмжих хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, жил бүр 500-1000 өрхийг хамруулжээ.


Мөн зөвлөгөөний үеэр малчин тариаланчидад чиглэсэн төсөл хөтөлбөр, хөдөө аж ахуйн зээлийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагын зүгээс өглөө. Зөвлөгөөнд Баян-Өндөр, Жаргалант сумын 300 гаруй малчин тариаланч оролцлоо.




Related news