ОРХОН: Оюутын ордын өрөмдлөгийн ажлыг энэ онд дуусгана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн үндсэн чиглэл, нөөц баялгийг өсгөх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд тус үйлдвэр Эрдэнэтийн-Овооны зүүн урд байрлах Оюутын орд газарт нарийвчилсан хайгуулыг 2023 онд эхлүүлсэн юм. “Оюут” төслийн нарийвчилсан хайгуулын өрөмдлөг, судалгааны ажил амжилттай үргэлжилж байна.
Ордын зүүн хойд хэсэгт өрөмдсөн цооногт хүдэр үргэлжлэн тогтоогдож байгааг хаах, мөн ордын хагарал, структурыг нарийвчлан тогтоох судалгааг гүйцээх зэрэг нийт 13 мянган тууш метр өрөмдлөгийн хээрийн ажлыг энэ онд бүрэн дуусгана. Талбайд илэрсэн элсний хэмжээ, чанарыг үнэлэх зорилгоор 10 м хүртэл гүнтэй, 21 шурф малталт, 70 орчим дээж авч, холбогдох шинжилгээнд бэлтгэж буйг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий геологич Д.Алтанхуяг онцоллоо.
“Оюут” төслийн ажлын хэсгээс хайгуулын нөхцөл байдалд нийцүүлэн тухай бүр шийдвэр гарган ажиллаж байгаа бол талбайн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг “Газар дэлхий” ХХК хийж, дөрвөн улиралд нийцүүлэн, агаар, ус, хөрс, ургамал, амьтан гэх зэргээр судлан тайлангаа эцэслэн ирүүлээд байгаа гэв. Харин талбайд орших хиргисүүр, булш бүхий хэсэгт МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн судлаачдын баг ойрын хугацаанд малтлага судалгаа эхлүүлж, авран хамгаалах ажлыг ирэх 9 сард багтаан дуусгахаар төлөвлөж байна.
Төслийн багийнхан хайгуулын ажлын үр дүнгийн тайланг нэгтгэх, нөөцийг эцэслэн тооцоолох, урьдчилсан ТЭЗҮ боловсруулж, үүнд үндэслэн шинжээчдийг томилуулан дүгнүүлэх зэрэг ажлыг энэ онд багтаан гүйцэтгэхээр зорьж байгаа юм. Энэхүү хайгуулын ажилд 2023-2025 оны эхний хагас жилийн байдлаар 36.5 тэрбум төгрөг зарцуулаад байна.