БАЯНХОНГОР: Дадлага, сургуулийг тогтмолжуулна
ФОТО МЭДЭЭ
Баянхонгор, 2025 оны гуравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Гамшгийн аюулын тухай бүх нийтэд зарлан мэдээлэл дамжуулж, иргэдийг аюулгүй цэгт нүүн шилжүүлж Монгол Улсын Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулах хүрээнд дадлага, сургуулийг зохион байгууллаа.
Иргэд олон нийтийг аливаа аюулын үед өөрийгөө болон гэр бүлийн гишүүдээ хамгаалах үйл ажиллагаанд сургаж дадлагажуулах чиглэлээр “Монгол хүн эрсдэлийн боловсрол” жилийн аяныг зохион байгуулж, олон нийт гамшгаас хамгаалах үйл ажиллагааны оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд зохион байгуулсан тус дадлага, сургуульд Баянхонгор аймгийн 20 сумын иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын нийт 42 мянга гаруй иргэн хамрагдсан нь нийт иргэдийн 50 орчим хувийг эзэлж байна.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд Баянхонгор сумын гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар, Улаан загалмай хороо хамтран ажиллаж иргэдэд халуун аарц, ундаагаар үйлчилж эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэхэд бэлэн ажиллажээ.
Цаашид төрийн бүх шатны байгууллага дадлага, сургуулийг тогтмол явуулж, иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлэх нь ажлыг шат дараатай зохион байгуулахаар төлөвлөсөн байна.





