АРХАНГАЙ: Хүний папиллома вирусний эсрэг товлолт дархлаажуулалтын хамрагдалт 96.8 хувьд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-03-20 13:18:36

Эрдэнэбулган, 2025 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Архангай аймагт “Товлолт дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх аян”-ыг зохион байгууллаа.


Аяны үр дүнд заавал хийх товлолын дархлаажуулалтын хамрагдалт Архангай аймгийн хэмжээнд нэмэгджээ. Тухайлбал, хүний папиллома вирусний эсрэг товлолт дархлаажуулалтын хамрагдалт 96.8 хувьд хүрсэн байна.


Энэ аян нь товлолын дархлаажуулалтын хамралтыг нэмэгдүүлэх, аймгийн дархлаажуулалтын нэгжүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой.


“Хүний папиллома вирусний эсрэг товлолт дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх” үйл ажиллагааг аймгийн ЭМГ Хавдрын үндэсний зөвлөл ТББ-тай хамтран хэрэгжүүлсэн ба тус байгууллагын гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Цэцэгсайхан Архангай аймагт ажиллан анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын их эмч, вакцинаторуудыг чадавхижуулах сургалтад хамруулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөн байна.


“Товлолт дархлаажуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх” ажлын хүрээнд;


• Дархлаажуулалтын байнгын цэг, түр цэг болон явуулын цэгээр дархлаажуулалтын ажлыг хүртээмжтэй зохион байгуулах,

• Товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах ажлыг зохион байгуулах,

• Дархлаажуулалтын ач холбогдлын талаар мэдээлэл, сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд зохион байгуулах,

• Эцэг, эх, асран хамгаалагч нарт дархлаажуулалтын ач холбогдлыг сурталчлах, дархлаажуулалтын үйл ажиллагаанд тэдний оролцоог нэмэгдүүлэх,

• Эцэг эх асран хамгаалагч нараас дархлаажуулалтын талаарх цахим судалгааг авч үнэлгээ дүгнэлт хийх, судалгааны үр дүнд суурилсан төлөвлөлтийг хийх зэрэг үр дүнтэй ажлуудыг зохион байгуулжээ

Related news