Хүний эрхийн хуульчид Сангийн яамыг Захиргааны хэргийн шүүхэд өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХүний эрхийн хуульчид нэгдэн “Тогтвортой амжиргаа III төсөл”-ийн ажилтнуудыг хоморголон халсан асуудлаар Сангийн яамыг Захиргааны хэргийн шүүхэд өгөх болов.
Сангийн яам, Дэлхийн банк болон Швейцарийн Хөгжлийн агентлаг хамтран “Тогтортой амжиргаа III төсөл”-ийг 2015-2018 онд хэрэгжүүлж байна. Уг төсөл нь 21 аймагт Сум дэмжих баг байгуулж Орон нутгийн сангийн үйл ажиллагааг дэмжих, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм. Сангийн яам 2016 онд Сум дэмжих багт 105 иргэнийг 6 сарын хугацаатай Хөлсөөр ажиллах гэрээгээр ажилд авсан байна. Гэрээнд 6 сарын хугацаа дууссаны дараа ажилтнуудын мэдлэг, чадварыг үнэлж, гэрээг нэг жилээр сунгана гэж заажээ. Гэвч өнгөрсөн сарын 28-нд Сангийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямаагийн албан тоотоор гэнэт ажлаас нь чөлөөлжээ.
Энэ нь Хөлсөөр ажиллах гэрээгээ зөрчсөн үйлдэл хэмээн Архангай аймгийн Сум дэмжих багийн гишүүн Д.Батсайхан хэллээ.
Хүний эрхийн хуульч Р.Булгамаа, “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа иргэний Нийгмийн даатгал болон Хүн амын орлогын албан татварыг ажил олгогч төлөх ёстой. Гэтэл энэхүү төсөлд ажиллаж байсан 105 хүний Хүн амын орлогын албан татварыг огт төлөөгүй байна.
Төслийн 105 ажилтныг хоморголон халсан нь улс төрийн шалтгаантай гэж үзсэн. Сангийн яамны зүгээс дахин сонгон шалгаруулалт зарлахаа мэдэгдсэн. Уг шалгаруулалтаар дээрх хүмүүсийг бус төрийн удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүмүүсийн туслагч, дэмжигч нарыг ажилд оруулах зорилт тавьж байгаа. Хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн энэ үйлдлийг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандана" гэв.
Сангийн яамыг Захиргааны хэргийн шүүхэд өгөх багт “Тогтвортой амжиргаа III төсөл”-ийн ажилтнууд болон хүний эрхийн хуульч Р.Булгамаа, М.Ичинноров нар орсон байна.
Ч.Ариунболд