Альшаагийн үзэсгэлэн худалдаанд Баянхонгорын 160 гаруй иргэн оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБНХАУ-ын Альшаа аймаг Цэхэ боомтод болсон үзэсгэлэн худалдаанд Баянхонгор аймгийн худалдаачид амжилттай оролцож, 80 орчим нэр төрлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, 80 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Үзэсгэлэн худалдаанд Баянхонгор аймгийн Жинст, Богд, Эрдэнэцогт, Баянговь, Баянлиг, Шинэжинст, Баян-Өндөр, Баянхонгор сумын 160 иргэн, аж ахуй нэгж байгууллага сүү, сүүн бүтээгдэхүүн, гар урлал, монгол үндэсний дээл, эсгий, эсгий эдлэл, сийлбэр зэргээр оролцсон байна. Мөн үеэр соёл, спортын арга хэмжээ зохион байгуулагдаж, манай аймгийн иргэд амжилттай оролцжээ.
Тус үзэсгэлэн худалдаа нь аймгийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хилийн үзэсгэлэн худалдаагаар дамжуулан гадаад зах зээлд сурталчилан таниулж, худалдан борлуулах, цаашлаад гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой байна.
Сонирхуулахад, БНХАУ-ын Цэхэ боомтын удирдлагуудын хүсэлтээр “Миний цэхэ” дууг Баянхонгор сумын яруу найрагч С.Гантулга шүлгийг бичиж, Жинст сумын харьяат Ж.Буяндорж аялгууг нь зохиож, Эрдэнэцогт сумын Д.Монголжийбуу, Д.Шаарийбуу /ихэр дуучид/ дуулж нутгийн зон олонд хүргэсэн нь хурсан олны таалалд ихэд нийцжээ.
Б.Мөнхзул