Г.Батжаргал: Баянхонгорт үйлдвэрлэгддэг бүтээгдэхүүнтэй ижил үйлчилгээ оруулахгүй байхад анхаарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймгийн Засаг дарга ба сэтгүүлчид уулзалт боллоо. Уулзалтад Баянхонгор телевиз, Хонгор телевиз, TV10 телевиз, Өнөөгийн Баянхонгор сонин, Баянхонгор таймс сонин, Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Баянхонгор аймаг дахь сурвалжлагч нар оролцсон. Засаг дарга хэвлэлийнхэнтэй мөрийн хөтөлбөр, цаг үеийн асуудлаар нээлттэй ярилцсан юм. Хэвлэлийнхний асуултын хариултуудаас тоймлон хүргэж байна.
-Таны хувьд ажлаа хүлээж авснаас хойш 80 орчим хоног өнгөрсөн байна. Энэ хугацаанд танд хэчнээн иргэн хандав, ямархуу асуудлыг ярьж байна вэ?
-Ажил авснаас хойшхи хугацаанд Засаг даргын өрөөг зорьж ирсэн хүн болгонтой л уулзаж байна. Өдөрт багадаа 10 орчим хүн, иргэд хүлээж авдаг Пүрэв гарагт 50 гаруй хүн уулзах жишээний. Нийтдээ 400 гаруй хүнийг хүлээн авч уулзаад байна. Уулзаж байгаа иргэдийн дийлэнх хэсэг нь ажлын байртай болгож өгөөч, амьдрал хүнд байна, дэмжлэг туслалцаа үзүүлээч гэсэн хүсэлтүүд ирж байна. Зарим хэсэг нь аймаг орон нутгийн хөгжлийн төлөө санаа оноо хэлсэн, хэрхэн хамтарч ажиллаж болох талаар санал тавьсан байдалтай байлаа. Энэ хугацаанд аймгийнхаа 19 сумд хүрч ажиллалаа. Иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж Засгийн газрын бодлого чиглэл, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл хийж ирсэн.
-Баянхонгор аймаг төсвөө тодотгосон. Тодотголыг хэлэлцэж батлахдаа юуг анхаарсан бэ?
-Нэгдүгээрт, төсвийн байгууллагуудын тэвчиж болох зардлаас хассан. Улс орон нутгийн хөгжлийн санд тодотгол хийж тус сангаас 944.1 тэрбум төгрөг хасан, 4.7 тэрбум төгрөг болж буурсан. Эндээс үүдэж орж ирнэ гэж төлөвлөж хийж гүйцэтгэсэн ажлынхаа санхүүжилтыг ААН, компаниуд авч чадахгүй нөхцөл байдалд хүргэж байгаа учраас бид ямар ч байсан 770 гаруй сая төгрөгөөр Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг нэмэгдүүлсэн. Ингэхдээ шаламтай холбоотой борлуулалтаас орж ирж байгаа орлогоос 400 орчим сая, урьд онуудад жижиг, дунд үйлдвэрлэлд зээлээр олгосон мөнгөний эргэн төлөлтөөс 215 сая төгрөг оруулж байна. Дээр нь уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудаас 125 сая төгрөгийн дэмжлэг авч дээрх санд төвлөрүүлсэн. Энэ мөнгөнөөс өмнө үүсээд байсан 300 сая төгрөгийн өрийг дарлаа. Үлдсэн 400 гаруй сая төгрөгөөс өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр 100 сая төгрөгийг тодотгосон. Хүн амьдрахад бэрх болсон таван байрны орцыг сонгож нийтдээ 45 сая төгрөгийн хөрөнгө суулгаж засварлуулахаар боллоо. Төрийн албан хаагчдын зургаан давхар 45 дугаар байр гэж бий. Дээврээсээ ус гоождог, доор нь бохир нь хальчихсан байсан учраас оршин суугчдынх нь хүсэлтээр 65 сая төгрөгийн засвар үйлчилгээг үзүүлэхээр боллоо. Багуудын эмч нар иргэддээ хүрч үйлчлэх боломжгүй болсон байна. Морь тэмээгээр явж байгаа учраас нэн шаардлагатай байгаа хоёр багийн эмчийн унааг шийдэхэд 18 сая төгрөг шийдвэрлэлээ.
-Аймгийн ИТХ-ын хуралдаанаас төрийн өмчит компанийг Хувьцаат компанийн статустай болголоо. Ингэснээр ажил ямар түвшинд хүрнэ гэсэн төсөөлөл байна вэ?
-Орон нутаг өөрийн гэсэн өмчийг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй гурван компани бий. Баянхонгор-Эрчим хүч, Чандмань Баянхонгор, хуучнаар хог тээвэр буюу Цэвэр хот компаниуд юм. Эдгээр компаниуд өргөтгөл, шинэчлэл хийхэд, хэрэглэгчдийг дулаан, цахилгаанаар хангах зэргээр төсвөөс хөрөнгө татах замаар орон нутгийн төсөвт хүндрэл учруулаад байгаа. Тиймээс эдгээр газруудыг компанын мөн чанар руу шилжүүлж хувьцаат компани болгох зорилгыг тавьсан. Ингэхдээ аймаг орон нутаг тухайн компанийн гол ач холбогдол бүхий гол хэсгээ төрийн мэдэлд авч үлдэнэ. Үлдсэн хэсгээ ажиллагсадад нь хувьцаа хэлбэрээр эзэмшүүлье. Тодорхой хувьцааг нь зах зээлд гаргая. Ингэсэн тохиололд ашиг олно гэж тооцсон. Тухайлбал, Эрчим хүч-Баянхонгор компани хамгийн багадаа нэг тэрбум төгрөгийн хувьцаа борлуулсанаар төсөвт орлого оруулахын зэрэгцээ энэ төвлөрсөн хөрөнгөөрөө үйл ажиллагаагаа санхүүжүүлээд явна гэж харж байна.
-Баянхонгор хөгжлийн корпорацийн тухайд?
-Олон жилийн турш аймаг орон нутаг ИТХ бодлогоо гаргадаг, гаргасан бодлогыг төр өөрөө хэрэгжүүлээд явж ирлээ. Гэтэл аймгийн ЗДТГ 41 хүний орон тоотой буюу төрд бүх ажлыг гүйцэтгэх хүчин чадал алга. Ялангуяа эдийн засаг, үйлдвэлрэлийн салбарыг хөгжүүлнэ гэж аймаг зорилт тавьчихаад байхад энэ том салбарыг хариуцсан хоёр хүн л байна. Тиймээс аймгийн бодлогыг хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хадгалах бүтцийг Баянхонгор хөгжлийн корпораци гэж нэрлээд байгуулж байна. Төрийн байгууллагын, аймгийн бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй. Дээрээс нь хараат бус буюу Улаанбаатар хот дахь аймгийн нутгийн зөвлөлөөс төлөөлөлтэй байхаар төлөвлөсөн.
-Аймгийн ИТХ-ын хуралдаанаас Баянхонгор хотын Ерөнхий төлөвлөгөөг дахин сайжруулах ёстой гээд буцаалаа. Энэ асуудалд таны байрь суурь?
-Хот төлөвлөлтийн асуудлыг шинжлэх ухааны үүднээс боловсруулж, гаргасан нь маш зүйтэй алхам. Энэ тал дээр манай өмнөх ИТХ санаачилгатай ажилласан. 2014 оны Орон нутгийн хөгжлийн сангаас 200 сая төгрөг тусгуулж, энэ ажил эхэлсэн байдаг. Явцын дунд БХБЯ-аас 770 сая төгрөг нэмсэн. Гүйцэтгэгч компанитай 937 сая төгрөгөөр гэрээ хийсэн юм билээ. Уг төлөвлөгөө гурван жил гаран үргэлжилж саяхан аймгийн ИТХ-аар хэлэлцэгдлээ. Гэсэн ч төлөөлөгчдийн сэтгэлд хүрсэнгүй. Үерийн хамгаалалтын далан, чимээгүй хот, утааг хэрхэн шийдвэрлэх, цэвэр бохир усны нэгдсэн системийг хэрхэн шийдэх зэрэг асуудлууд тусгагдаагүй учраас хойшлуулсан. Ямар ч байсан бид шахаж, дутуу зүйлсийг нарийн тусгуулж энэ төлөвлөгөөг хүлээгээд авчихвал 2033 онд аймгаа ийм болгож хөгжүүлнэ гэсэн төсөөлөлтэй болж, бодлого ч уялдуулаад явах боломж бүрдэнэ.
-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж яриад 10 гаруй жил болж байна. Энэ хугацаанд дээрх ажил яагаад эрчимжиж чадсангүй вэ. Та мөрийн хөтөлбөртөө Жижиг дунд үйлдвэрлэлийг хэрхэн яаж хөгжүүлэхээр тусгаад байна вэ?
-Монгол улсад 2000 оны дунд үеэс хойш тус салбарт анхаарал хандуулах болж, төр засгийн бодлого чиглэлд тусгагдаад явж ирсэн. Энэ хүрээнд Баянхонгор аймгийн төсвөөс, орон нутгийг хөгжүүлэх сангийн эх үүсвэрүүдээс Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт зориулагдсан. Эндээс зээл авсан, бизнесээ өргөжүүлсэн олон иргэд байгаа. Гэхдээ төслийн дийлэнх хэсэг нь хэрэгжилт сул байна гэж харагдаж байна. Үйл ажиллагаа явуулаад 1-2 жилийн дараа зогсчихоод, дампуурчихаад байгаа асуудалд нухацтай хандаж, судалгаа хийх зайлшгүй шаардлага байна. Тийм учраас Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх тал дээр аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тодорхой байдлаар тусгалаа. Яаж хэрэгжүүлэх ёстой вэ гэхээр, Нэгдүгээрт орон нутгийнхаа зах зээлийн судалгааг хийх ёстой, өөрөөр хэлбэл манай аймагт ажиллах хүчний ямар нөөц бололцоо байна, хоёрдугаарт Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаад хийчих бараа бүтээглэхүүний нөөц ямар байдаг юм, түүхий эдийн нөөц хэр байдаг вэ гэх тал дээр судалгаа хэрэгтэй. Үүний дараагаар бид үйлдвэржилтийнхээ зураглалыг гаргаж авна, энэ судалгаан дээрээ түшиглээд Баянхонгор аймгийн хэмжээнд ЖДҮ хөгжүүлэх төлөвлөгөөгөө бий болгох юм. Аль сум, аль нутаг дэвсгэрт, ямар түүхий эд бүтээгдэхүүн дээр нь түшиглээд, ямар үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж болох зураглалаа ийнхүү гаргаж авсныхаа дагуу тухайн бүс нутагт нь нэгнээ татаад унагачихааргүй, олон өрсөлдөөнгүй, цаашид зах зээлээ өргөжүүлээд явах боломжтой үйлдвэрлэлүүдийг хөгжүүлнэ гэж харж байгаа. Бодлогын цөм нь энэ байх юм. Дараагийн дугаарт нь, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ зах зээлийг хамгаалах бодлогыг чухалчилж тавина. Баянхонгор аймагт үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн үйлчилгээ гаднаас орж ирэхгүй байх тал дээр анхаарч, орон нутгийн зах зээл ашигласны төлбөр хураамж авдаг тогтолцоог бий болгоё гэж зорьж байна.
-Уул уурхайн салбарт таны баримтлах байр суурийг сонирхож болох уу?
-Өнгөрсөн дөрвөн жилд манай аймагт уул уурхайн бодлогоо явуулахдаа мөнгө өгсөн нь ажилла гэсэн зарчим барьчихсан байна. Хандив өгсөн нь болдог болчихсон. Аймгийн эрх бүхий МХГ, БОАЖГ очоод лац тавингуут маргааш нь аваад хаячихдаг болсон. Үндсэндээ эвдэрсэн нэртэй газар бүрт хэн дуртай нь ажиллаж байгаа юм. Нэгэнт хандив өгчихсөн болохоор сум орон нутагтайгаа байгуулсан гэрээнийхээ дагуу ажиллаад дуусга, дуусгахдаа нөхөн сэргээлтийг 100 хувь хийж дуусга гэдэг шаардлага тавьсан. Хэрэв чадахгүй бол дараагийн арга хэмжээг авч, нөхөн төлбөр хийлгүүлнэ гэсэн чиглэлийг өгсөн. Цаашид нөхөн сэргээлтийг 100 хувь хийлгэх үүднээс уул уурхайн компаниудад ашигтай талбайд ашиггүй талбайг дагалдуулж өгөх замаар техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг хийлгэнэ.
Б.Мөнхзул