ЖДҮ-ийг хөгжүүлэх орон нутгийн зах зээлийн судалгаа хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор аймагт үйлдвэржилтийн зураглал, судалгааг гаргаж, түүн дээрээ түшиглээд ЖДҮ хөгжүүлэх төлөвлөгөө бий болгохоор болжээ.
"Аль сум, аль нутаг дэвсгэрт, ямар түүхий эд бүтээгдэхүүн дээр нь түшиглээд, ямар үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж болох зураглалаа ийнхүү гаргаж авсныхаа дагуу тухайн бүс нутагт нь нэгнээ татаад унагачихааргүй, олон өрсөлдөөнгүй, цаашид зах зээлээ өргөжүүлээд явах боломжтой үйлдвэрлэлүүдийг хөгжүүлнэ" хэмээн албаныхан хэлж байна. Бодлогын цөм нь энэ байх бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ зах зээлийг хамгаалах бодлогыг чухалчилж тавих аж. Мөн Баянхонгор аймагт үйлдвэрлэгдэж байгаа бараа бүтээгдэхүүнтэй ижил төрлийн үйлчилгээ гаднаас орж ирэхгүй байх тал дээр анхаарч, орон нутгийн зах зээл ашигласны төлбөр хураамж авдаг тогтолцоог бий болгоё гэж зорьжээ.
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлыг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тодорхой байдлаар тусгасан байна. Хамгийн чухал нь орон нутгийнхаа зах зээлийн судалгааг хийх, өөрөөр хэлбэл манай аймагт ажиллах хүчний ямар нөөц бололцоо, Жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаад хийчих бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн нөөц хэр байдаг вэ гэдэг судалгаа хэрэгтэй байдаг байна.
Б.Мөнхзул