Шинэ боомт нээвэл мэргэжлийн хяналтын байцаагч нар хүрэлцэхгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-10-17 12:58:09

Өмнөговь аймагт “Өлзийт Цагаан дэл”-ийн боомтыг нээвэл мэргэжлийн хяналтын байцаагч нар хүрэлцэхгүй ажээ.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Шадар сайд У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Н.Амарзаяа тэргүүтэй ажлын хэсэг Даланзадгад суманд ажиллах үеэрээ тус аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар зэрэг зарим байгууллагуудын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр шинээр дахин боомт нээвэл мэргэжлийн хяналтын байцаагч нар хүрэлцэхгүй гэлээ. Мэргэжлийн хяналтын газар одоогоор 30 гаруй байцаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.

Харин Онцгой байдлын газрын хувьд техник хэрэгслээр хангагдсан ч нутаг дэвсгэр уудам тус аймагт гал унтраах аврах ангийг байгуулах шаардлагатай гэсэн юм. Мөн унаа машины хүрэлцээ муу, стандартын бус ажлын байранд үйл ажиллагаа явуулж байгаа зэрэг хүндрэлийг холбогдох албаны хүмүүст уламжиллаа.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн Шадар сайд У.Хүрэлсүх өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, төрийн ажлыг тасралтгүй ил тод нээлттэй явуулах, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, хүндрэлийг шийдвэрлэхтэй холбоотойгоор санал бодлоо солилцлоо.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Related news